Канадын Монреал хотод үргэлжилж буй Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 15 дугаар бага хуралдаанаар “Нэг эрүүл мэнд” санаачилгыг хэрэгжүүлэх зургаан орны нэгээр Монголыг нэрлэв. Энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын олон талт хамтын ажиллагааг дэмжих зорилготой санаачилга бөгөөд гол үзэл баримтлал нь байгаль хамгааллыг бэхжүүлэх замаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, эрчимжсэн мал аж ахуй, зэрлэг амьтдын худалдаа, түүхий эдийн зохисгүй хэрэглээний улмаас зоонозын өвчин дэлхий дахинд нэмэгдэж буй, хүний халдварт өвчний 75 хувь нь эдгээр асуудлаас үүдэлтэйг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагынхан дурдав. Хүрээлэн буй орчин, мал, амьтанд үзүүлж буй дарамт ихсэх тусам энэ хувь нэмэгдэх магадлалтай гэнэ. Иймд экологийн тэнцвэрт байдлыг хангах замаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санаачилгыг улс орнуудад үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд зургаан улсыг хамруулахаар зарласан нь Гана, Вьетнам, Замби, Монгол, Руанда, Эквадор байв. Манай Засгийн газар энэхүү төслийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, “Нэг эрүүл мэнд” эвсэлтэй хамтран 2023 оноос хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд байгаль орчин, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хүн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, малаас хүнд дамжин халдварладаг өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх ажилхийх нь. Ташрамд дурдахад, энэ удаагийн хуралд 180 орны 18 мянга гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд манай улсаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Канад дахь Монголын ЭСЯ-ны төлөөлөл оролцож байна.