Эл өмд нь алдартай жийнсэн өмдний анхдагч мөн эсэх дээр шинжээчид маргалдсаар байгаа аж. Живсэн хөлөг онгоцноос олдсон өмд нь Levi Strauss & Co компанийн албан ёсоор үйлдвэрлэсэн анхны жинсэн өмднөөс 16 насаар ах байсан явдал зарим шинжээчдийн эргэлзээг төрүүлжээ. Гэсэн хэдий дээрх олдвор домогт жийнсний хамгийн эртний хувилбар мөн гэсэн таамаглал давамгайлж байгаа гэнэ.
1857 онд живсэн SS Central America онгоцон дээрх авдарнаас олдсон жийнсэн өмдийг 114 мянган ам.доллараар худалджээ. Энэ өмдийг жийнсэн өмд гэдэг ч үнэндээ өнөөгийн жийнсний төрөл мөн эсэх дээр зарим шинжээчид эргэлздэг юм.
Уурхайчдын хувцас гэж таамаглаж байгаа уг өмд арванхоёрдугаар сарын эхээр Невада мужид болсон дуудлага худалдаагаар зарагдсан бөгөөд худалдаанд живсэн SS Central America хөлөг онгоцноос олдсон 250 гаруй хуучны эдлэл тавигдсан байна.
SS Central America хөлөг онгоц Төв Америкийн дорнод эрэг дагуу хөвж яваад хүчтэй шуурганд өртөж, 1857 оны есдүгээр сард Хойд Каролинагийн эрэг орчимд живжээ. Энэ ослын улмаас 400 хүн амиа алдсан бөгөөд тухайн үед онгоцонд 477 зорчигч, хөлгийн багийн 101 гишүүн байсан аж. Мөн энэ хөлөг онгоцтой хамт 10 тонн орчим алт живсэн гэдэг.
2.2 мянга гаруй метрийн гүнд хэвтэж байсан дээрх хөлөг онгоцыг өнгөрсөн зууны наяад онд далайн гүний тоног төхөөрөмжийн инженер Томми Томпсон илрүүлсэн байна. “Columbus American Discovery Group компани байгуулж, далайн ёроолоос эрдэнэс олборлох эрх авсан Томпсон болон түүний хамтрагч Боб Эванс нар гүний шумбагч төхөөрөмжийг ашиглан эхний хоёр сарын дотор гурван тонн гаруй алт гаргаж авчээ. Түүнээс гадна дуудлага худалдаагаар зарагдсан эд өлгийн үнэ 100 сая доллар давсан байна.