Малайзад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт алтан амиа онц хэрцгийгээр алдсан. Тодорхой хэлбэл, малайз цагдаа нар бүсгүйн толгой руу буудаж, биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Уг хэргийн захиалагчид нь Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разак, улстөрч Абдул Разак Багинда байсан гэдэг. Эл хэргийн хохирол нэхэмжлэх иргэний шүүх хурал өнөөдөр Малайз Улсын дээд шүүхэд болов. Талийгаачийн аав С.Шаарийбуу шүүх хуралд онлайнаар оролцсон байна. Түүнтэй утсаар холбоо барьж, мэдээлэл авлаа.
- Өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр болсон шүүх хурлын явц, уур амьсгалын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шүүх хурал 09.00 цагт эхэлж, яг нэг цаг үргэлжиллээ. Англо-Саксоны эрх зүйн системтэй учраас олон шүүгч оролцсон. Нажиб Разак, Абдул Разак Багинда, цагдаа асан Сирул Азхар Умар, Азила Хадри нарыг төлөөлж, дөрвөн өмгөөлөгч ирсэн. Тэд нэг ч үг дуугараагүй. Манай талаас Англо-Саксоны эрх зүйн Шударга үнэний концевцыг боловсруулсан Карпал Сингхийн охин К.Сангийт оролцож, өмгөөлөл хийсэн. Сангит хуульч гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ амжилттай нотолсон. Тиймээс энэ хэрэгт Малайзын Засгийн газар буруутай хэмээх шүүхийн шийдвэр гарлаа. Шүүгч нар нь хараат бусаар шийдвэрээ гаргалаа.
-Карпал Сингх болон түүний охин эл хэргийг дуустал нь чин сэтгэлээсээ зүтгэлээ дээ?
-Карпал Сингх анх эл хэргийг авахдаа "Энэ маш том хэрэг. Эл хэргийг надаас өөр хүн шийдэж чадахгүй" хэмээн хэлж байлаа. Маш олон хуульч тусалъя гэсэн боловч би зөвхөн Карпал Сингхт итгэж гэрээ хийсэн. Түүнийг тэнгэрт хальсны дараа үйл хэргийг нь охин К.Сангийт нь үргэлжлүүлсэн. Би мөн К.Сангийтад итгэж эрх зүйн туслалцаа авсан. Өнөөдрийн шийдвэр гарахад Карпал Сингхийн гэр бүл буюу аав, хүү, охины нөлөө их байлаа. Тэд шударга үнэний төлөө хүчтэй тэмцэж чадлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар тодорхой нөлөө үзүүлсэн байх үндэслэл бий. Өөрөөр хэлбэл, манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх хурлаас өмнө Малайзын Засгийн газарт хандаж хэд хэдэн удаа захидал бичиж өгсөн. Товчхондоо шударга үнэн яллаа. Бас олон улсад шударга үнэний том жишиг боллоо. Сингапур болон бусад орны хэвлэл мэдээлэлд энэ хэргийн талаар шүүх шударга шийдвэр гаргасныг онцлон бичиж байна. Эцэст нь хэлэхэд охиныхоо араас буян хийх боломжтой боллоо.
Гадаад харилцааны яамнаас энэ талаар "Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз Улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингитийг (1,1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн байна. 16 жилийн дараа шийдвэрлэгдэж буй тус иргэний хэргийн шүүх хуралд талийгаач Ш.Алтантуяагийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцов" хэмээн мэдээллээ.