Перуд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болж, 4 хүн амиа алдаж, 38 хүн шархаджээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас иш татан Reuters мэдээлэв.
"Өнөөдрийн байдлаар тус улсын янз бүрийн бүс нутагт болсон жагсаалын үеэр 8 хүн хэвтэн эмчлүүлж, 30 хүн эмнэлгээс гарч, 4 хүн нас барсан" гэж тус яамны цахим хуудсанд бичжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногт тус улсын төрийн тэргүүн Педро Кастильог огцруулсны дараа эхэлжээ. Шинэ Ерөнхийлөгч Дина Болуарте хамгийн идэвхтэй эсэргүүцлийн хөдөлгөөн болж буй Апуримак, Арекипа, Ика мужуудад онц байдал зарласан байна. Ингэхийн зэрэгцээ тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сард ээлжит бус сонгууль явуулахыг санал болгож, холбогдох хуулийн төслийг Конгресст (нэг танхимтай парламент) өргөн барина гэдгээ мэдэгдэв.
Арванхоёрдугаар сарын 7-нд Перугийн Конгресс Ерөнхийлөгч Кастилогийг огцруулах шийдвэр гаргаж, парламентын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байна. Төрийн тэргүүнийг авлигын хэрэгт буруутгаж, түүнийг "ёс зүйтэй байх чадваргүй" гэсэн шалтгаанаар огцруулжээ.