“Минскийн хэлэлцээр нь зөвхөн "Украинд хугацаа өгөхөд" хэрэгтэй байсан. Энэ нь тус улсыг ирээдүйд Оростой хийх сөргөлдөөнд хүчирхэгжих боломжийг олгосон. Эцсийн эцэст, тухайн үед гэрээ сөргөлдөөнийг “царцаасан” бөгөөд "асуудалыг шийдээгүй" гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан” гэж Ангела Меркель “Die Zeit” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Меркелийн хэлснээр, түүний Орос, Украины талаар баримталж буй бодлого нь одоо болж буй томоохон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх оролдлого байжээ.
"Энэ нь бүтэлгүйтсэн ч оролдлого буруу байсан гэсэн үг биш" гэж экс канцлер онцолсон байна
“Тухайн үед яг ямар хувилбар байсныг хэлэх хэрэгтэй. 2008 онд яригдаж байсан Украйн, Гүржийг НАТО-д элсүүлэх журмыг би буруу гэж үзэж байсан. Эдгээр улс оронд шаардлагатай суурь байгаагүй. Ийм шийдвэрийн үр дагаврыг Оросын Гүрж, Украины эсрэг явуулж буй үйл ажиллагааны үүднээс ч, НАТО болон хамтын хамгаалалтын талаархи дүрмийн үүднээс ч бүрэн тооцоогүй байсан. Харин 2014 оны Минскийн гэрээ нь Украинд хугацаа өгөх гэсэн оролдлого байсан юм. Украин ч энэ цагийг илүү хүчирхэг болохын тулд ашигласан нь өнөөдөр харагдаж байна. 2014-2015 оны Украин одоогийн Украин биш байсан. 2015 онд Дебальцевогийн орчим болсон тулааны үеэр Путин амархан ялж болохыг бид харж байсан. Тэр үед НАТО-гийн орнууд Украинд туслахын тулд одоогийн хийж байгаа шигээ ихийг хийж чадах байсан гэдэгт ч би эргэлзэж байна” гэж улс төрч тайлбарлажээ.