ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, залуучуудын зуны олимпын наадмыг 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд Сенегал улсын Дакар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тамирчин сурагчдын хичээлийн хөтөлбөр, цаг агаарын нөхцөл байдал болон олон улсын бусад тэмцээний хуваарийг харгалзаж үзсэнээр дээрх товыг тогтоожээ. Ингэхдээ 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Дакарт болох Африкийн залуучуудын өдрийн арга хэмжээтэй олимпын наадмыг давхцуулснаар өргөн хүрээг хамрах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид тооцсон байна. Наадмын хөтөлбөр буюутамирчид спортын ямар төрлөөр оролцохыг ирэх жилийн эхний хагаст эцэслэн батлахаар болсон аж. Залуучуудын зуны IV олимп өнгөрсөн аравдугаар сард болох байсан ч цар тахлын улмаас дөрвөн жилээр хойшлуулсан юм. Өмнөх гурван наадмыг 2010 онд Сингапур, 2014 онд Наньжинд, 2018 онд Буэнос-Айрест зохион байгуулсан. Монголын тамирчид залуучуудын зуны олимпоос гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай ирж байв.