Энэ сарын сүүлчээр эхлэх хөлбөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ-тэй холбоотой дуулиан үргэлжилсээр байна. Эквадорын шигшээ багийн тоглогч Б.Кастиллогийн иргэншилтэйхолбогдуулан Чили, Перугаас тус улсыг ДАШТ-ээс хасах хүсэлт гаргаж байсан. ОХУ-д зэвсэг нийлүүлдэг гэсэн шалтгаанаар Ираны багийг Катарт очуулахгүй байх хүсэлтийг Украин улс ФИФА-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл саяхан бас нэгэн улс буюу Тунисийн шигшээ мөн төстэй дуулианд холбогдлоо.
Тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч В.Жари, Залуучууд, спортын сайд К.Дегиш нар хоорондоо тааруу харилцаатай аж. Тэд хөлбөмбөгийн спортыг Тунист хөгжүүлэх эрх, үүргийг булаацалдан хэвлэлээр байнга “дайтдаг”. Сүүлийн саруудад К.Дегишийн үйлдэл хэрээс хэтэрч, улсын аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулах, лиг эхлэх хугацааг дахин авч үзэх талаар хөлбөмбөгийн холбоондоо дарамт шахалт үзүүлж эхэлжээ. Мөн саяхан спортын зарим холбоог, тэр дундаа хөлбөмбөгийнхийгтатан буулгахаар заналхийлэх болсон байна. Сайдын эл зохисгүй үйлдэл ФИФА-ийн анхаарлын гадна үлдсэнгүй, түүнийг бие даасан холбооны дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцлоо хэмээн буруушаажээ.
ФИФА-ийн дүрэм ёсоор гишүүн орных нь холбоо гуравдагч этгээд, эсвэл Засгийн газрын нөлөө, оролцооноос ангид байх ёстой юм. “Энэхүү дүрмийг дагаж мөрдөөгүй тохиолдолд ФИФА-ийн дүрэм журмын дагуу шийтгэл хүлээлгэх бөгөөд үүнд тухайн холбооны үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ багтана” гэж ФИФА-ийн гишүүн холбоод хариуцсан захирал К.Жан-Мари Тунисийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга В.Ауадид илгээсэн захидалдаа онцолжээ.
Хэрэв ийм шийтгэл ногдуулбал Тунисийн нэг ч клуб, мөн үндэсний шигшээ баг нь тивийн болон олон улсын тэмцээнд оролцох боломжгүй. Дотоодод үүсээд буй нөхцөл байдлын талаарх тайлбарыг аравдугаар сарын 28-ны дотор багтаан ирүүлэхийг ФИФА үүрэг болгосон. Тус улсын хэвлэл мэдээлэлд бичиж буйгаар хөлбөмбөгийн холбоо нь зохих хариуг хугацаандаа багтаан явуулжээ. Тэрхүү хариуд юу гэж дурдсан талаар тодорхой мэдээлэл алга байгаа ч хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь шигшээ баг, тоглогчдоо хамгаалсан байр сууриа илэрхийлсэн гэнэ.
Хэрэв Тунисийн шигшээ Катарыг зорих боломжгүйболсон тохиолдолд тус тивийн өөр багт эрхийг нь шилжүүлэх юм. “Карфагений бүргэдүүд” хочтой Тунисийн шигшээ баг түүхэндээ таван удаа ДАШТ-д оролцсон бөгөөд хэсгээсээ огт шалгарч байгаагүй. Тэд “Катар-2022”-т Франц, Дани, Австралийн багийн хамтаар D хэсэгт тоглох билээ.
Эцэст нь өгүүлэхэд, Кени болон Зимбабве улсын шигшээ багийг 2023 оны Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сард ФИФА гаргаж байсан. Шалтгаан нь холбоодын үйл ажиллагаанд “гуравдагч тал” оролцсонтой холбоотой аж. Тодруулбал, Кенийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Н.Мвендва хэд хэдэн удаагийн залилангийн хэрэгт буруутгагдсан учир Спортын яам нь тус холбоог татан буулгасан. Харин Зимбабвегийн тухайд Спорт, амралтын яам нь хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг удирдах болсон ажээ. Гэхдээ энэ талаар эцсийн шийдвэр гарах хүртэл тус хоёр улсын шигшээ багийг 2023 оны Үндэстнүүдийн цомын тэмцээний сугалаанд нэрийг нь оруулахаар Африкийн хөлбөмбөгийн холбоо шийдээд байгаа юм.