Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, шилдгүүдээ тодруулав. Хоёр долоо хоног зохион байгуулсан 53 дахь удаагийн тэмцээнд 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор удаалж, Монголын багт мөнгөн медаль авчирсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэдний дараахан эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд манай гурван тамирчин мөр зэрэгцэн цэц сорьж, медалийн буухиаг үргэлжлүүллээ. Ц.Мөнхзул эл төрөлд түрүүлж, аваргаар тодорсон бол Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогсов. Монголын буудлага спортын түүхэнд өмнө нь буудагчид ДАШТ-ээс иж бүрэн медаль нэг дор гардаж байсан удаагүй. Ц.Мөнхзулын хувьд холимог багийн төрөлд мөнгө, стандарт гар бууны 25 метрийн дасгалд алтан медаль хүртсэн ньманай буудлага спортод түүхэн амжилт болж байна.