Нийслэлийн ЗДТГ, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөл хамтран “Харилцан суралцъя-Хамтдаа өөрчилье” уриан дор “Нийслэл-110” менторшип хөтөлбөр эхлүүлсэн. Зургаан сарын турш үргэлжилсэн тус хөтөлбөрт өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа хуваалцах зорилготой 200 гаруй албан хаагч бүртгүүлснээс удирдамжийн дагуу 80-ыг нь ментийгээр, 15 албан хаагч ментороор шалгаран оролцсон юм. Ийнхүү нэгдүгээр шатанд шалгарсан 80 албан хаагч таван багт хуваагдан, хүртээмжтэй, үр дүнтэй, чанартай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлийн бичил төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Харин хоёрдугаар шатанд баг бүрээс шилдэг гурван ментийг шалгаруулан, нийт 16 оролцогчтойгоор хөтөлбөр үргэлжилж, хаалтаа хийлээ. Азийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг “Нийслэлд ажиллаж буй залуу албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөр үргэлжлэх хугацаанд хэд хэдэн идэвхжүүлэх уулзалт, сургалт зохион байгуулсан. Бичил төсөл, хөтөлбөрт оролцох, санаачлан хэрэгжүүлэх боломж олгосон. Багуудын санаачилсан бичил төсөл, хөтөлбөрүүд нь нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлдэг үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан юм. Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хугацаа энэ жил дуусна. Тиймээс ирэх жилээс нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид бусад төсөл, хөтөлбөрт нийслэлийн ЗДТГ-тай тогтмол хамтран ажилласаар байх болно” гэв. Төрийн албанд олон жил ажилласан, туршлагатай 15 ментор нь мэдлэг, туршлагаа хуваалцан, зорилгодоо хүрэх арга зам, төрийн албаар бахархах сэдлийг төрүүлж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бол ментий нарын хувьд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн ач холбогдолтой хөтөлбөр байлаа. Үүнд оролцсон ментор болон ментий нар сэтгэгдлээ хуваалцлаа.
О.ВААНЧИГ (Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын мэргэжилтэн, “Нийслэл 110” менторшип хөтөлбөрийн ментий):
-Анх UB ERP системээс хөтөлбөрийн талаарх мэдээллийг хараад, залуу албан хаагчдыг чадавхжуулж, төрийн үйлчилгээг хялбарчлах ач холбогдолтой юм байна гэж үзээд өөрийгөө сорьж үзэхээр бүртгүүлсэн. Хоёр шатны шалгаруулалтыг даваад, шилдэг 16 ментийгийн нэгээр шалгарсандаа маш их баяртай байгаа. Хөтөлбөрт оролцсоноор олон зүйл сурч, шинэ хүрээлэлтэй болсон. Мөн төсөл санаачлан хэрэгжүүлэх талаар ойлголттой боллоо. Миний сонгосон ментор нь надтай мэргэжил нэгтэй хүн байсан бөгөөд ажлын дадлага туршлага, зохион байгуулалт гээд бүх зүйл дээр зөвлөгөө өгсөн.
Б.ГАНХИШИГ (Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн, “Нийслэл 110” менторшип хөтөлбөрийн ментий):
-Төрийн албанд ажиллаад нэг жил гаруй болж байна. Тус хөтөлбөрт өөрийгөө сорин, арвин туршлагатай мундаг менторуудаас их зүйл суръя гэж зориод бүртгүүлсэн. Наад зах нь биеэ хэрхэн зөв авч явах, бусдад өөрийгөө яаж зөв илэрхийлэх вэ зэрэг маш олон зүйлийг сурлаа. Цаашлаад туршлагатай, мундаг менторуудаасаа суралцаж чадсан. Манай багийн хувьд “QR кодыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх нь” сэдвээр төсөл хэрэгжүүллээ. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ)-өөс гаргасан судалгаагаар иргэдийн 60 хувь нь анхан шатны мэдээлэл авахаар тус байгууллагад очдог гэх дүгнэлт гарсан байсан. Өөрөөр хэлбэл, авах гэж буй үйлчилгээнийхээ бүрдүүлэх материалын мэдээллийг л авах гэж очдог гэсэн үг. Тиймээс ийм төрлийн мэдээллийг иргэдэд илүү ойртуулахын тулд тус төслийг санаачилсан. Иргэд бүрдүүлэх материалын мэдээллээ QR код уншуулан аваад, НҮНТ дээр шууд материалаа авч очих байдлаар цагаа хэмнэх зорилготой. Төслөө сарын хугацаанд туршилтаар хэрэгжүүлсэн. Цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготой. Ирэх жилүүдэд менторшип хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
Б.СҮХБААТАР (“Нийслэл-110” менторшип хөтөлбөрийн ментор, нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга:
-Тус хөтөлбөрт гурван залуу албан хаагчийн ментороор ажиллалаа. Залуустай ажиллаад, ярилцаад явахад тэдэнд төрийн албанд ажиллах, хийж бүтээх хүсэл тэмүүлэл маш их байдаг нь харагдсан. Хотын ажил маш хурдан өрнөдөг, асуудал нь дор бүрнээ шийдэгддэг болохоор энэ байдал нь залууст их сонирхолтой санагддаг болов уу. Гэхдээ залуусыг ганц хүсэл тэмүүллээр ажиллуулна гэж байхгүй. Хийж бүтээх хүсэл тэмүүлэл ихтэй байсан залуус хэсэг хугацааны дараа шантарч эхэлдэг. Хүсэл тэмүүлэл нь буурдаг. Энэ байдалд мэдээж цалингийн хэмжээ, нийгмийн болон хувийн асуудлууд нөлөөлдөг. Үүнээс гадна нийслэлийн зүгээс залуу албан хаагчдад үзүүлэх нийгмийн дэмжлэг нь хангалтгүй байгаа. Ийм байдлуудаас үүдэн удаан хугацаанд ажиллах тэмүүлэл нь унтардаг. Тиймээс хэрхэн залуучуудыг төрийн албанд тогтвортой, урт хугацаанд ажиллуулах вэ, сонгуулиас сонгуулийн хооронд хийдэг халаа сэлгээний асуудлыг хэрхэн халах вэ, мэргэжлийн чадвартай боловсон хүчнээ хэрхэн ажлын байранд нь авч үлдэх вэ гэхчлэн чухал бодлогуудыг нийслэлийн зүгээс хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэлээ.