“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдааг өчигдөр нээлээ. Энэ сарын 23-ныг дуустал Сүхбаатарын талбайд дэлгэх тус үзэсгэлэн, худалдаанд өнгөрсөн жил 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж 1500 орчим бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байжээ. Харин энэ жилийн хувьд есөн дүүргийн 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж 2000 орчим бүтээгдэхүүнтэйгээр оролцож байна. Үзэсгэлэн, худалдаанд дотоодод үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж буй бөгөөд худалдаа эрхлэгчдээс асрын түрээс авахгүй байгаа юм. Тиймээс худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдах аж. Баянгол дүүргээс л гэхэд 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгч уг үзэсгэлэн, худалдаанд оролцож байна. Ирэх ням гараг хүртэл дөрөв хоног 10.00-10.00 цагт үргэлжлэх үзэсгэлэн, худалдааг зорин, өвлийн бэлтгэлээ базаахын зэрэгцээ дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс уриаллаа.
Х.УРТНАСАН (Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч):
-Миний хувьд 2012 онд Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулах үед анхны 10 гишүүний нэг нь байлаа. Манайх арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд ойрад үндэстний хувцас урладаг. Уг үзэсгэлэнд арьс, ширэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Түүхий эдээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс түрээсийн төлбөргүй үзэсгэлэн, худалдаа болон үечилсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг нь тун ач холбогдолтой санагддаг.
Н.БАЯНЖАРГАЛ (Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч):
-Би 2018 оноос аяны цүнх хийж эхэлсэн. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулдаг үзэсгэлэн, худалдаануудад байнга оролцдог. Бидний бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах, худалдаа эрхлэх таатай нөхцөлийг олгодгоороо ач холбогдолтой. Дөрвөн өдрийн турш биднээс ямар нэг асрын түрээс, төлбөр авалгүй, худалдаа эрхлэх боломжоор хангасанд баярлаж байна. Бид ч иргэдэд үйлдвэрийн үнээр нь бүтээгдэхүүнээ худалдах болно.
Ч.ЧОЙДОГ (Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга):
-“Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриатайгаар жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн, худалдаанд энэ удаад Баянгол дүүргээс 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. Хүнсний бүтээгдэхүүн, ховор эмийн ургамал, гар урлал, бэлэг дурсгал, хувцас, үндэсний хувцас гэхчлэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд дэлгэсэн. Худалдан авагчдын урмын үг, дэмжлэг, худалдан авалт бүхэн ЖДҮҮ эрхлэгчдэд маш том дэм болно.