Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгжүүдийн гаднах талбайг хянах Камерын нэгдсэн төвийг Чингэлтэй дүүрэгт өчигдөр ашиглалтад оруулав. Мөн тус дүүргийн I хороо “ногоон бүс” болсныг зарлалаа. Тодруулбал, олон улсад хэрэгжүүлдэг “Ногоон бүс” төслийг тус хороонд хэрэгжүүлжээ. Уг төслийг Сөүл, Москва, Лондон хотод амжилттай хэрэгжүүлж, камерын хяналтын системээр дамжуулан нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлдэг болжээ. Уг туршлагад тулгуурлан Чингэлтэйн I хороонд 145 камер байрлуулж, “ногоон бүс” болгосныг дүүргийн ЗДТГ-аас онцлов. Тус хороонд дүүргийн хэмжээний хулгай, халаасны гэмт хэргийн 31.7 хувь нь гардаг гэнэ. Мөн нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг байна. Иймд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, дүүргүүдийн ЗДТГ, I хороонд үйл ажиллагаа явуулдаг 26 аж ахуйн нэгж байгууллага хамтран, нийт 125 сая төгрөгийн санхүүжилтээр уг ажлыг гүйцэтгэжээ. Камерын нэгдсэн төвийн тухайд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт байгуулжээ. Энэ нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудыг хянах төв аж. Камерын нэгдсэн төв, “ногоон бүс”-тэй болсноор гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах ач холбогдолтойг дүүргийн удирдлага онцлов. Мөн цаашид Чингэлтэйн бүх хороог “ногоон бүс” болгохоор төлөвлөсөн гэлээ.
Бэлтгэсэн М.Оч