Улаанбаатарт өнгөрсөн есдүгээр сард орон сууцын үнэ 2021 оны мөн үеийнхээс 12.4, наймдугаар сарынхаас 0.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийслэлд есдүгээр сарын байдлаар шинэ орон сууцын нэг ам метр нь дунджаар 3.32 сая төгрөгийн үнэтэй байжээ. Энэ хугацаанд Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу нэг ам метр нь 3.6 саяар үнэлэгдсэн аж. Харин хуучин орон сууцын нэг ам метр талбайг 3.09 төгрөгөөр борлуулж, Сүхбаатар дүүрэгт 3.69 саяын ханштай байсан нь хамгийн үнэтэйд тооцогджээ. Хан-Уул дүүрэгт шинэ, Сүхбаатарт хуучин байрны ханш өндөр байна. Сонгинохайрханд шинээр ашиглалтад оруулсан, эсвэл хуучин гэдгээсээ шалтгаалж орон сууцын ам метр нь 2.3-2.4 сая төгрөгийн үнэтэй байсан нь дунджаас 600 000 орчим төгрөгөөр хямд дүн болжээ. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт шинэ, хуучин орон сууцын ам метрийн үнэ дунджаас 270 000-600 000 төгрөгөөр өндөр байсан бол бусад дүүрэгт 680 000 хүртэлх төгрөгөөр хямд байв. Ташрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн асуудлаар холбогдох албаныхантай өчигдөр уулзжээ. Тэрбээр уг зээлийн найман хувийн хүү болон урьчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгосон аж. Шадар сайд “Ипотекийн зээлийн хүүг зургаа болгосон учраас найман хувийнхыг авсан 110 000 орчим иргэний санхүүгийн ачааллыг бууруулах нь зүйтэй. Цаашид уг хөтөлбөрийн тогтолцоог шударга, санхүүжилтийг хүртээмжтэй болгоход анхааръя” гэсэн юм. Уг асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь.