“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компаниас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Улсын хэмжээнд 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 53.6 хувь буюу 662 мянга гаруй нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй гэнэ. Нийслэлд өдгөө 216 га талбайд 72.6 мянган автомашины зогсоол бий аж. Дээрх төслийн хүрээнд судалгаа хийж, замын ачаалал ихтэй Бага тойруу орчмын 184 байршилд 4857 тээврийн хэрэгслийн зогсоол байгааг тогтоожээ. Энэ нь хангалтгүй бөгөөд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь авто замын ачааллыг ихэсгэж, түгжрэлд нөлөөлж буй гэнэ. Тиймээс төслийн хүрээнд эхний ээлжид дөрвөн байршилд авто зогсоол байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тухайлбал, Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд 1-3 давхар зогсоол барих гэнэ. Мөн III, IV хороолол, Хүүхдийн 100 орчимд газар доорх зогсоол байгуулахаар төлөвлөжээ. “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ын гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Өнгөрсөн тавдугаар сараас хойш судалгаа хийсний дүнд дөрвөн байршлыг сонгосон. Жишиг болохуйц авто зогсоолын төслийг тэдгээрт хэрэгжүүлэхээр зорьж байна” гэв.