Ипотекийн зээлийн эрэлт өндөр хэвээр байгаа бөгөөд 2022 оны эхнээс өнгөрсөн зургадугаар сарын байдлаар банкуудад 14 400 иргэн, 945 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлээд байжээ. Үүнээс 2600 иргэнд зээл олгосон гэнэ. Тэгвэл энэ сарын эхний байдлаар зээлийн хүсэлтийн тоо 20 000 орчимд хүрч, нийт 1.6 их наяд төгрөг зээлэх хүсэлт ирүүлснийг Монголбанкнаас мэдээллээ. Үүнээс 1-9 дүгээр сард 6000 орчим хүнд зээл олгосон байна. Статистикаас харахад сүүлийн 2-3 жилд сар бүр ойролцоогоор 2400 хүн, 157.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авах хүсэлт нэмж ирүүлж буй гэнэ.
2020 оны гуравдугаар сараас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсны улмаас Төвбанкнаас олгох санхүүжилтийн эх үүсвэр буурах эрсдэл үүсжээ. Тиймээс уг зээлийн хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор олон улсын туршлага судлах, орон сууцын санхүүжилтийн зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоо бүрдүүлэх зэрэг чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг Монголбанк, Барилга, хот байгуулалтын болон Сангийн яамны төлөөллөөс бүрдүүлэн ажиллаж буй аж.