Улаанбаатар уламжлал ёсоор утаагаараа дэлхийд цойлж эхэллээ. Галлагааны улирал эхэлснээс хойш буюу энэ сараас агаарын бохирдлын үзүүлэлтүүд хүлцэх хэмжээнээс давах болсон. Улмаар агаарын чанар муудсаар бохирдлын үзүүлэлтээрээ Улаанбаатар дэлхийд эхний 10-т бичигдэх болов. Тодруулбал, iqair.com цахим хуудсанд мэдээлснээс үзвэл өчигдөр 10.00 цагийн үед хамгийн бохирдол ихтэй хотуудын жагсаалтын тавдугаарт манай улсын нийслэл бичигдэж байлаа. Тус цахим хуудсанд 100 орчим хотын агаарын чанарын үзүүлэлтүүдийг тогтмол гаргадаг билээ. Уг эх сурвалжид мэдээлснээр бол агаар бохирдуулагч бодисуудаас нарийн, бүдүүн ширхэгт тоосонцрын хэмжээ Улаанбаатарт хэт их буюу иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц хэмжээнд байна. Тэр дундаа PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандарт хэмжээнээс 11.8 дахин их байгааг онцолжээ. Түүнчлэн Улаанбаатараас гадна Ховд аймагт бохирдол их, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэрт бага зэргийн бохирдолтой байгааг тэмдэглэв.
Агаарын чанарын үзүүлэлтийг цаг тутам олон нийтэд хүргэдэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны суурин харуулуудын мэдээллээр бол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Баянхошуу орчимд агаарын чанарын үзүүлэлт хамгийн муу буюу “Маш их бохирдолтой” гэсэн түвшнийг давав. Тухайлбал, PM10 буюу бүдүүн ширхэгт тоосонцрын хэмжээ тухайн бүсэд хүлцэх хэмжээнээс долоо дахин их байлаа. Улаанбаатар хот дахь агаарын чанарын суурин 10 харуулын долоо нь өчигдөр бохирдол их байгааг мэдээлж байв.
Бэлтгэсэн М.Оч