2022 оны эхний есөн сард манай улсад ирсэн жуулчдын статистик, мэдээллийг Монголын аялал жуулчлалын холбооноос өчигдөр танилцууллаа. Энэ хугацаанд Монголд 210 356 жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 193 961-ээр өссөн үзүүлэлт аж. Холбогдох байгууллагынхан өмнө нь оны эхний найман сард 168 890 жуулчин хүлээж авсан гэж мэдээлснээс үзэхэд зөвхөн есдүгээр сард 41 466 аялагч иржээ. Нийт жуулчдын 48 хувь буюу 101 мянга гаруй нь хойд хөршөөс, 21 хувь буюу 45 мянга орчим нь Өмнөд Солонгосоос зочилсон байна. Дараа нь казахстан, америк, хятад, япон, герман жуулчид эрэмбэлэгджээ. Гадаадын аялагчид манай улсын утаагүй үйлдвэрлэлийн салбарт 216.6 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн аж. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 13 дахин өссөн үзүүлэлт юм.