Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг манай улс 2013 оноос хэрэгжүүлсэн. Өнгөрсөн наймдугаар сарын эцсийн байдлаар арилжааны банкууд болон Монголын ипотекийн корпорацаас (МИК) иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 6.1 их наяд төгрөгт хүрч, 2021 оны мөн үеийнхээс 13.8 хувиар өсжээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны гуравдугаар сараас эхлэн хойшлуулсан бөгөөд өнгөрсөн сарын эхний байдлаар нийт зээлдэгчийн 88.4 хувь нь гурван их наяд төгрөгийн төлөлтөө хойшлуулжээ. Ийнхүү эргэн төлөлтийг хойшлуулсан ч Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээс ипотекийн зээлийг өмнөх онуудынхтай ижил түвшинд олгож буйг Монголын банкуудын холбооноос мэдээлэв. Түүнчлэн МИК-ын хуримтлуулсан нөөц сангаас ипотекийн зээлийн бонд эзэмшигчдэд 401.7 тэрбум төгрөгийн хүү төлснөө танилцуулсан. Үүний тодорхой хэсгийг бэлэн мөнгөөр, үлдсэнийг нь ирээдүйд төлөх нөхцөлтэйгөөр өр тавьсан аж. Тиймээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулбал бондын хүүг хэрхэн төлөх, мөн шинээр зээл олгох эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэхийг тооцох учиртайг МИК-аас анхааруулах боллоо. Хэрэв эргэн төлөлтийг хойшлуулсаар байвал зургаан хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болохыг МИК-аас онцолсон юм.
Иргэдийн ипотекийн зээл авах эрэлт буураагүй бөгөөд зарим нь хүсэлт гаргаад хоёр жил хүлээж буй аж. Тодруулбал, Баянгол дүүргийн иргэн Ч.Амарбаяр “Ипотекийн зээл авах хүсэлтээ “Голомт” банканд гаргаад бараг хоёр жил боллоо. “Санхүүжилт алга, дарааллаа хүлээ, судалж байна” гэж хариулах юм. Эхнэр, бид хоёрын цалингийн орлого татварын дараах дүнгээр нийт 2.3 сая төгрөг. Үүний 40 хувь буюу 920 000 төгрөгийг ипотекийн зээлд төлөх боломжтой. Гэтэл сүүлийн хоёр жилд орон сууцын үнэ огцом өссөөр, дундаж ам метртэй байр авахад бидний цалин хүрэлцэхгүй болох нь. Мөн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан нь шинээр зээл авах боломжийг багасган, хүлээх хугацааг улам уртасгаж байна гэж би ойлгосон” гэв. Тэгвэл Хан-Уул дүүрэгт амьдардаг, ипотекийн зээл авсан иргэн Н.Энхболд “Манайх зургаан ам бүлтэй, эхнэр бид хоёр багш. Татварын дараах дүнгээр нийлээд хоёр сая хүрэхгүй төгрөгийн орлоготой. Үүнээс 580 000 төгрөг ипотекийн зээлд төлдөг. Дөрвөн хүүхэдтэй айлын зардал өндөр, бараа, бүтээгдэхүүний үнэ улам бүр нэмэгдсээр байгаа ийм үед ипотекийн зээл төлөхгүй нь бидэнд том дэм болж байна” гэсэн юм.
Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засгийн өсөлт саарсан, инфляц нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудаж буй ийм үед ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ахин хойшлуулах, эсэх талаар ярьж байгаа аж. Уг зээлийн төлөлтийг хойшлуулах нь богино хугацаанд үр дүнгээ өгөх зөв шийдвэр гэж үзэх нэгэн байгаа бол, ипотекийн зээлийн төлөлтийг хэвийн горимд оруулж, “Цар тахлын” үеийн хуулийг цуцлах шаардлагатай гэх нь ч байна. Энэ талаар зарим мэргэжилтний байр суурийг хүргэе.
Л.АМАР (Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал):
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Уг шийдвэрийн хэрэгжилт энэ оныг дуустал үргэлжилнэ. Харин цаашид зээлийн төлөлтийг хойшлуулсан хэвээр байвал эрсдэл үүснэ. Учир нь ипотекийн зээлийн тогтолцоо нь 2017 оноос зээлийн эргэн төлөлтөөс шинээр зээлдэгчдийг санхүүжүүлж эхэлсэн. Тиймээс улсын төсөвт ирэх дарамт болон эх үүсвэрээ бүрдүүлэхээ бодсон ч ипотекийн зээлтэй иргэд ирэх оноос зээлээ төлөөд явах нь зүйтэй.
Төвбанкны бодлогын хүү 12 хувьтай байгаа ийм үед арилжааны банкууд зээл олгохыг хичээхгүй, тэдэнд ашиггүй байна. Харин иргэд зээлээ төлж эхэлбэл Төвбанкны ачаалал ч буурч, зээлийн эргэлт нэмэгдэнэ. Улмаар валютын ханшийн өсөлт ч буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд зээлээ төлөөд эхэлбэл, импортод зарцуулах хөрөнгө багасаж, улмаар валютын ханш буурах боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн ипотекийн зээл нь барилгын салбарт ажиллаж буй 110 гаруй мянган хүний ажлын байрыг дэмжих хөшүүрэг гэдэг утгаараа нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой хөтөлбөр гэдгийг тооцох учиртай.
М.БАЯСГАЛАН (Эдийн засагч, судлаач)
-Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг бууруулах зорилгоор олон улсад цөөнгүй арга хэмжээ авсан. Манай орны хувьд ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулсан. Энэ бол богино хугацаанд үр дүнгээ өгч буй, эдийн засагт өгөөжтэй шийдвэр. Тодруулбал, цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор багагүй хэмжээний мөнгө тарааж, хэрэглээг дэмжсэн. Эдийн засгийн өсөлт саарсан үед ийнхүү мөнгө тараах нь инфляцын түвшнийг өсгөх, валютын ханшийг чангаруулах нэг хүчин зүйл болдог. Тиймээс ч өдгөө хоёр жилийн өмнөх үеийнхээс инфляц болон валютын ханш эрс нэмэгдээд байна. Нөгөөтээгүүр, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь эргэн төлөгдөх учиртай мөнгөн хуримтлалыг багасган, улмаар банкуудын олгох зээлийн хэмжээг буурууллаа гэж ярьж буй. Хэрэв ипотекийн зээлд зарцуулах хөрөнгийг нэмбэл орон сууцын үнэ улам л өснө. Энгийнээр хэлбэл, зээлийн төлөлтийг хойшлуулснаар олголтын хэмжээ багассан нь үнэн бол зөв арга хэмжээ авсан гэсэн үг. Эдийн засгийн өсөлтгүй ийм үед зах зээлд нийлүүлж буй мөнгийг нэмэх тусам хэрэглэгчдэд, иргэдэд халтай байж мэднэ. Одоо бол ипотекийн зээл шинээр авсан ч, зээлтэй хүмүүс ч төлбөрөө төлөхөд хүндрэлтэй үе. Тухайлбал, ипотекийн зээл шинээр авбал урьдчилгаа төлбөр нь ч, сард төлөх мөнгөн дүн ч өндөр байж, иргэдэд санхүүгийн дарамт учрах магадлалтай.
Н.ЭНХБАЯР (Эдийн засагч):
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг цаашид ахин хойшлуулах, эсэх талаар тоон мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах нь зөв болов уу. Сар бүр яг хэдэн төгрөгийн зээлийн төлбөр төвлөрүүлэхээс хэдийг нь хойшлуулж байгаа нь чухал юм. Хэрэв сард хэдэн арван тэрбум төгрөгийн зээл төлөлтийг хойшлуулсаар байвал эдийн засаг дахь мөнгөн урсгалын хэмжээ, шинэ зээлдэгчдийг санхүүжүүлэх боломж багасна гэсэн үг. Үүнээс гадна Засгийн газраас ипотекийн зээлийн шинэ эх үүсвэр бүрдүүлэх талаар ажиллах хэрэгтэй. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өссөн учраас энэ оны 1-9 дүгээр сард нүүрсний борлуулалтаас гэхэд хоёр тэрбум ам.долларын нэмэлт орлого манайх олсон. Үүнийг Тогтворжуулалтын санд хадгалах, эсвэл ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулбал зохино. Зөвхөн нэг зээлдэгчийн төлбөрийн эргэн төлөлтөөр нөгөө зээлдэгчийг санхүүжүүлж явбал ипотекийн зээлийн хэмжээ ч төдийлөн нэмэгдэхгүй, хүртээмж ч сайжрахгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд эн тэргүүнд анхаарах учиртай. Хэрэв төсөвлөснөөс давсан орлого бүрийг иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулбал алсдаа өгөөжтэй.
Статистикаас харахад ипотекийн зээлд зарцуулсан хөрөнгө, шинэ зээлдэгчийн тоо тогтмол өсөлттэй байна. Гэтэл иргэд ипотекийн зээл авах хүсэлт гаргаад багадаа зургаан сар, улмаар хоёр жилээс урт хугацаанд хүлээж буйгаа илэрхийлсээр. Энэ нь уг зээлийн хүртээмж бага, санхүүжилт муутай холбоотой. Мэдээж иргэд зээлээ төлөөд эхэлбэл санхүүжилт нэмэгдэн, дараагийн зээлдэгчдэд боломж бүрдэнэ. Үүнээс гадна дээр дурдсанчлан нийт зээлдэгчийн 80 гаруй хувь буюу 57 800 өрхийн зээлийг хойшлуулаад байгаа нь төдий тооны айлд нэг төрлийн халамж үзүүлж буй хэлбэр гэж болно. Тиймээс ирэх оноос Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг зогсоон, ипотекийн зээлээ иргэд өөрсдөө төлж, санхүүгийн хүндрэлтэй тулгарбал хариуцлагаа хүлээх хэрэгтэй болов уу.
Бэлтгэсэн С.Цэрэн