Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарынхантай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазад уулзаж, “Тэнүүн огоо” компанийн авто баазын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон төрийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгжийн удирдлага, жолооч, ажилтнууд оролцов. Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанар, стандарт, хүний нөөцийн хомсдол зэрэг хүндрэлтэй асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж буйгаа Засгийн газрын тэргүүн танилцууллаа. Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 47.4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө өгдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хөнгөлөлттэйгөөр буюу үнэ төлбөргүй зорчдог аж. Иймд үнэ тарифын асуудал ч хүндрэл үүсгэж буй. Цахим төлбөрийн системд шилжүүлсэн ч зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу гэж салбарынхан хэлж байлаа.