Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодыг ирэх сарын 1-нээс цахим системд холбохоор болжээ. Ингэснээр торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй автомашиныг нийслэл рүү оруулахгүй байх орчин бүрдүүлнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлэв. Нийслэлд шалган нэвтрүүлэх найман товчоо байдаг. Тэдгээрээс дөрөвт нь төлбөр, хураамж авах цэг бий аж. Өдгөө нэг машин нэвтрүүлэхэд ойролцоогоор 30 секунд зарцуулдаг бол цахим хэлбэрт шилжүүлснээр энэ хугацаа гурван секунд болж буурах гэнэ. Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Цахим хэлбэрт шилжүүлснээр жолооч нар бэлэн мөнгө өгч, эсвэл карт уншуулж, цаг алдахгүйгээр шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Тухайлбал, дугаар таних системд жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжих боломжтой. Мөн “E-barimt”, “E-Mongolia”, “Smart car” системээр дамжуулан нэхэмжлэл үүсгэнэ. Ингэснээр товчоодоор нэвтрэх бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэйг нь оруулдаггүй болох юм. Үйлчилгээг нэвтрүүлэхэд техникийн хувьд бэлэн болсон” гэв.
Бэлтгэсэн М.Оч