Бүх нийтээр мод тарих намрын өдөр өмнөх жилүүдийнхээс даруу, сүр, чимээ багатай болов. Иргэдийн “ирц” тийм ч өндөр байсангүй. Монголчууд мод, бут тарих ажлыг хавар, намарт тохиодог тэмдэглэлт өдрөөр хязгаарлахаа больжээ. Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг хүлээж, гар хумхиж суудаг цаг ч өнгөрчээ. Боломжтой нь хашаандаа, зарим нь цэцэрлэгт хүрээлэн, ойжуулалтын талбай зэрэг зориулалтын газарт хавар, намрын хэдийд ч, хүссэн үедээ мод, бут тарьдаг болж. Аж ахуйн нэгж, байгууллагууд ч зөвхөн энэ үеийг л угтан мэдээлэл, сурталчилгаа түгээж, үзэсгэлэн зохион байгуулдаг хэвшмэл байдлаасаа ангижирчээ. Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд өнгөрсөн сараас тарьц, суулгацын үзэсгэлэн гаргаж, иргэдийг мод тарихыг уриалсан.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намрын мод тарих арга хэмжээг Горхи, Тэрэлжээс эхлүүлж буйгаа өнгөрсөн сарын сүүлчээр зарласан. Монголын аялал жуулчлалын холбоо “Сая жуулчин, сая мод” аяны хүрээнд мод тарих намрын ажлаа “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд эхлүүлснээ өнгөрсөн долоо хоногийн эхээр мэдээлэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон есдүгээр сарын дунд үеэс иргэд, аж ахуйн нэгжээс мод тарих захиалга авч, бордоо хийх, тарьц, суулгац нутагшуулах, хөрс бэлдэх сургалт зохион байгуулжээ. Сүхбаатар аймаг энэ сарын 8-20-нд “Өрх бүр хашаандаа мод тарья” аян өрнүүлж байна. Увс аймгийн БОАЖГ “Хоёр живаа харгаа” хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр мод тарих намрын арга хэмжээг өнгөрсөн сарын 15-наас эхлүүлсэн гэнэ. Дархан-Уул аймаг сурагч бүр таван мод тарих, айл болгон хашаагаа “ногооруулах” санаачилгыг эхлүүлээд буй ч өнгөрсөн амралтын өдөр ямар нэг арга хэмжээ зохион байгуулсангүй. Үндсэндээ бүх нийтийн гэх тодотголтой эл тэмдэглэлт өдөр “Тэрбум мод” санаачилгын нэгээхэн хэсэг болж, сүрд нь дарагдсан ч аж ахуйн нэгж, байгууллагууд хавар, намарт идэвхтэйгээр мод тарих болжээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 37 САЯ ТАРЬЦ, СУУЛГАЦЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЖЭЭ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан жил буюу ноднин төрийн албаныхан баахан дүвчигнэсэн. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд хөдөө, хотгүй тайз засаж, ижил өнгийн дүрэмт хувцсаар жигдэрсэн нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл энэ хавар, намар ийм явдал давтагдсангүй. Өнгөрсөн бямба гарагт гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” төрийн бус байгууллага, МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтран Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн (Нисэх, Яармагийн аюулгүйн тойрогт байх)-д цомхон арга хэмжээ зохион байгуулсан. Үүнд Ерөнхийлөгч, БОАЖ-ын сайд зэрэг албаны гол хүмүүс оролцсон бөгөөд өмнөх жилийнх шиг “тавилттай” үйл явдал ажиглагдсангүй.
Иргэд нэгдсэн журмаар мод тарих, хариуцах эзэнтэй газар нийслэлд цөөн. Жишээлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цөөн иргэнээс урьдчилж захиалга аваад, “үүдээ” хаачихдаг. Тэгвэл соёлын гэх тодотголтой дээрх цэцэрлэгт хүрээлэнг нийслэл, “Туурайн төвөргөөн” ХХК-тай хамтран ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн жишиг загвар болгож хөгжүүлэх зорилттой ажиллаж буй. Тиймээс уг газрыг олон нийтэд таниулах үүднээс гол арга хэмжээг тэнд зохион байгуулсан болов уу. Бас нэг онцлог нь Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран ажиллаж, гишүүн аж ахуйн нэгжүүдийг нь дэмждэг. Өдөрлөгийн үеэр Төрийн тэргүүн тэдгээр газрын төлөөлөлтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонслоо. Мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтэд анхаарах, тарьц, суулгацын нөөцийг нэмэх, техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, шилдэг технологи, инновац нэвтрүүлэх нь чухал гэдгийг тэрбээр онцлов. Тэрчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлснийг тодотголоо. Харин Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо тарьц, суулгацын худалдааны www. modlog.mn цахим биржийг ашиглалтад оруулснаа энэ үеэр танилцуулсан юм.
110 МЯНГАН МОД ТАРИХ ЗОРИЛТ ТАВИВ
Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч энэ удаа иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарилаа. Тус газрынхан өмнө нь жилд дунджаар 5000-6000 мянган мод тарьдаг байсан бол энэ намар иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран 110 мянган ширхгийг суулгах зорилт тавьжээ. Үүний 100 мянгыг нь Туул голын эргийн хамгаалалт болгож, үлдсэнийг нь хүрээлэнгийн төв хэсэгт тарихаар төлөвлөсөн байна. Тарих модны хэмжээгээ 20 дахин нэмсэн учир тарьц, суулгацын нөөцийн асуудал тулгамджээ. Иймд тус байгууллагынхан БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүсэлт гаргаж, дэмжлэг хүссэнээр 14 төрлийн 10 мянга орчим суулгацын нөөц бүрдүүлсэн гэнэ. Эдгээрийг урьдчилж захиалга өгсөн хүмүүст хуваарилж, өнгөрсөн амралтын өдөр тариулжээ. Ингэснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 32 төрлийн 162 мянган модтой болов. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан мод үржүүлгийн газрыг өргөтгөх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ногоон байгууламжийн арчлалт, усалгаа хариуцсан ажилтны тоог нэмэх, техникийн хүчин чадлыг сайжруулах ажлыг үе шаттай хийж байгааг тус байгууллагын ногоон байгууламжийн албаны тарилтын инженер дурдав. Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж энэ намар голт бор, хүрэн навчит монос, гүйлс, агч, хайлаас, шар хуайс, бургас, улиас, гацуур, хүрэн навчит барбарисын суулгацаар бүл нэмжээ. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш манай улсын ойн сан, ногоон байгууламж долоон сая модоор бүл нэмсэн гэж БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.