Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах тухай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав. Засгийн газрын 302 дугаар тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн туссан юм. Энэ хүрээнд Нийслэлийн Зам тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Нийслэлд шалган нэвтрүүлэх найман товчоо бий. Үүнээс дөрвөн шалган нэвтрүүлэх товчоонд төлбөр хураамж авдаг. Иймээс төлбөр хураамж авах явцыг цахимжуулах ажлыг хийж байна.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлснээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдлээ. Нэгдүгээрт, дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ. Хоёрдугаарт, И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийдэх бол гуравдугаарт, Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүсэх юм. Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна. Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон” гэв. Мөн холбогдох журмыг шинэчлэх, арваннэгдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлж байлаа.