2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд нийслэлийн удирдлагууд онцгой анхаарч байна. Үүний хүрээнд бүтээн байгуулалт хийж буй газруудад удаа дараа очиж ажилласан. Дугуй цагаан орчимд хувийн хэвшилд тодорхой хугацаа өгсний үндсэн дээр тохижилтын ажлыг хуулийн хүрээнд эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд тохижилтын ажил хийсэн. “АСЕМ вилла” хотхоны баруун хойд талд, Туул голын эргийн дагуух тохижилт 90 орчим хувийн гүйцэтгэлтэй. Бага тэнгэрийн 3.8 га газарт иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийсэн. Богд хааны ордон музейн гадна талд тохижилт хийж байгаа. Дэлхийн томоохон хотууд түүхт газруудаа хадгалж, хамгаалж, орчин үеийн шийдэл бүхий үзэмж сайтай тохижилт, үйлчилгээг бий болгодог. Мөн дүүрэг бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Дүүргийн удирдлагууд үүнд анхаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй зөв ойлголцож, тодорхой гэрээ, дүрмийн хүрээнд ажиллах бололцоог эрэлхийлэх хэрэгтэй. Засаг даргын хувьд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа сурталчилгааны самбар, хашаа, хайс буулгах, явган хүний зам өргөтгөх гэх мэт ажлуудад ач холбогдол өгч ажилласан. Гарааш буулгах ажил үргэлжилж байна. Гарааш орчимд гэмт хэргийн гаралт их байдаг. Иймээс орон сууцын хороолол дундах гараашийг буулгах, өнгө үзэмж бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган хүний замыг өргөтгөх ажлыг хийж байна. Эдгээр ажлыг цаашид үргэлжлүүлнэ. Явган хүний замыг 3-7 метрийн өргөн болгож буй. Явган болон дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ. Иргэд маань ч ногоон байгууламж, явган, дугуйн замыг нэмэгдүүлэх ажлыг дэмжиж байгаа” хэмээлээ.
Мөн нийслэлийн удирдлагууд иргэдэд аль болох эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг хотын дарга дурдсан юм.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТАЛЫН ТОХИЖИЛТ 60 ХУВЬД ХҮРЧЭЭ
Бүтээн байгуулалтын зарим ажлын явцын мэдээллийг хүргэе. Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 орчим улиас модыг хэлбэржүүлж, нийт 6600 ам метр талбайг зүлэгжүүлээд байна. Мөн 11500 ам метр талбайд зүлэгжүүлэлт, 404 ам метр талбайд бетон цутгалт, 670 ам метр талбайд тойрог замын бетон цутгалт хийнэ. Харин Дугуй цагаан орчимд байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажил үргэлжилж буй. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайд байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц, эко шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар, байгалийн чулууг ашиглан хийж буй.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Богд хааны ордон музейн хашааг дөрөвдүгээр сарын 8-нд буулгасан. Буулгасан хашааны оронд 2840 гоёлын бут тарьж, ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилт хийж буй. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай гэнэ.
17.6 КМ ХАШАА, ХАЙС ЧӨЛӨӨЛӨВ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд нийт 376 байршлын 20.2 км газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлсэн. Есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 333 байршилд 17.6 км хашаа, хайс чөлөөллөө. Ажлын явц 88 хувьтай байна.
3719 ГАРААШ БУУЛГАЛАА
Нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Одоогийн байдлаар 146 байршилд 3719 гарааш буулгажээ. Уг ажил өдгөө 76.5 хувьтай үргэлжилж байгаа юм. Энэ онд гарааш буулгасан 70 байршилд тохижилтын ажил хийнэ. Ойр байршилтай газруудыг нэгтгэн, 47-д нь цогц тохижилт хийж буй гэсэн үг. Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн нь ч бий. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна.
НАЙМАН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЗАСАЖ, ШИНЭЧИЛНЭ
Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80 000 ам метр явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршилд 41 000 ам метр явган хүний замыг засаж, шинэчлээд байна. Хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй замуудыг сонгон засаж буй. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Иймээс дээрх байршлуудад явган хүний болон дугуйн замыг тохижуулан, шинэчилж буй юм. Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж буй. Явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байна.