Яармагийн шинэ эцсийн буудалд хагархай шилтэй саравч, унасан тэмдэглэгээ л байв
Нийслэлчүүдийнхээ амьдрах орчныг сайжруулна. Иргэддээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөл бүрдүүлнэ. Ийм “гоё” амлалт, ажлын төлөвлөгөөг улаанбаатарчууд бид бишгүй сонссон. Бүр залхаж, дөжиртлөө шүү. Хотын удирдлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, түүний харьяа агентлагт ажилладаг бараг бүх хүн ингэж ярьж, уриа лоозон дэвшүүлсээр ирсэн. Одоо ч яг хэвээр. Нийслэлийн гудамж, талбайд, зарлалын самбарт, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашаан дээр “Хот соёлтой бол гоё”, “Соёлтой хотод амьдрах гоё”, “Стандарттай хот аюулгүй”, “Аюулгүй хот” гэсэн эрээн мяраан бичигтэй сурталчилгаа хаа сайгүй харагддаг. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан “Аз жаргалтай Улаанбаатар” төсөл, “Иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах жил” аяны зурагт хуудас одоо ч нийтийн тээврийн зарим автобусны “бөөр”, бариулд бий. Энэ бүгд Улаанбаатарыг иргэдийнхээ амьдрах орчныг чухалчилдаг, соёлтой, стандарттай хот гэсэн “шошго”-той харагдуулж буй ч бодит нөхцөл байдалд эсрэг дүр зурагтай. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нийслэлд хамгийн их зөрчигдөж байна. Тэр дундаа гэр хороолол, хотын захын бүсэд. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулна хэмээн сайхан зүйл ярьдаг, бодлого, шийдвэр гаргадаг хүмүүс хотын төв, Зайсан орчмыг л “тойглож”, бусдыг нь орхигдуулсаар өнөөдрийг хүрэв.
Та бүхэн сайн ажиглаарай. Хотын төв болон түүнээс урагшаа хэсэгт нөхцөл байдал тэс ондоо байгаа нь эрхгүй анзаарагдана. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам дагасан хэсэг, төв талбайн эргэн тойрон, Зайсан орчим харьцангуй тохижилт сайтай, ногоон байгууламж элбэг, орчны бохирдолгүй, иргэд түр амрах, салхилах сандал, сүүдрэвч, талбай олонтой. Авто болон явган хүнд зориулсан зам нь ч эвдрэл сүйдэл багатай. Тоос, шороо ч их биш. Өнгө үзэмжийн хувьд ч дориун. Харин үүнээс бусад, ялангуяа гэр хороолол шигүү бүсэд нөхцөл байдал эсрэгээрээ. Төв талбай, Төрийн ордноос хэдхэн алхмын зайтай, хотын төв, гэр хорооллын уулзвар болсон Зуун айл, Баянбүрдийн тойрог, Ногоон нуураас эхлээд энэ байдал илт харагддаг. Тэнд авто засвар, угаалгын газар, барилгын материалын дэлгүүр үй олон. Үүнийгээ дагаад орчны бохирдол, тоос, шороо ихтэй. Чөлөөтэй алхах зам талбай, ногоон байгууламж ч хомс. Эдгээрээс цаашлаад Долоон буудал, Дарь-Эх, Дэнжийн мянга, Зурагтад хүрвэл эвдэрч, хагарсан, хаашаа ч юм бэ алга болсон зам энд тэндгүй тааралдана. Амарч зугаалах, салхилах газар мөрөөдөлтгүй. Зуун айл, Сансрын уулзвараас зүүн тийш явж, Цайз, Улаанхуаранг чиглэвэл орчны ямар ч төлөвлөлт, тохижилтгүй орон сууцын хотхон, хороолол өчнөөн. Үүнийхээ хэрээр чөлөөтэй зорчих зам, машины зогсоол нь хүртээмжгүй. Хотын төвөөс долоон км-ийн зайд, Улаанхуаранд 2020 онд ашиглалтад оруулсан, Монголдоо томоохонд тооцогдох “Cinema next” кино театр гэхэд тоос, шороо бужигнасан, чулуу хөглөрсөн, сумын төвд ч гологдохоор муухай орчинд үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Авто зам нь кинотеатрынхаа наана нь очоод тасарчихдаг, тухайн уулзварт ямар ч гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй нь жолооч нарыг багагүй бухимдуулдаг.
\
Төв талбайн урд болон 120 мянгатын автобусны буудлын ойролцоо орших ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулдаг, наад захын хэрэгцээ, тав тухыг нь хангадаггүй ийм “хар цэг” нийслэлд тоочиж барамгүй олон. Ялангуяа төвөөс алслагдсан дүүрэг, хороодод нөхцөл байдал бүр дор. Гэтэл хот тохижуулах, иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлээр нийслэлээс баримталж буй бодлогын гол цөм нь хотын төв болон өмнөд хэсэгт л чиглэж байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх газрын хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд тохижилт, бүтээн байгуулалт цөөнгүй хийсэн. Гэвч үүний дийлэнх нь Туул гол, Богдхан уулын ойр орчмын бүсэд хамаарч буй. Үндсэндээ энэ нь Хан-Уул дүүргийн тодорхой хороодын, Зайсан орчмын иргэдэд илүү ойр, хүртээмжтэй гэсэн үг. Нийслэлчүүд салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой хоёр томоохон газар болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэн гэхэд хотын өмнөд хэсэгт, гэр хорооллоос ангид бүсэд нэг дор байрладаг. Гэтэл нийслэлийн гэр хорооллын дийлэнх төвлөрдөг Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрханд Хүүхдийн паркийн дайтай ганц цэцэрлэгт хүрээлэн ч алга. Яг үнэндээ Дэнжийн мянгад амьдардаг Дэнсмаа, Баянхошууны эцэст оршин суудаг Балжид хоёрт хүүхдээ салхилуулах, амарч, зугаалах, дугуй унах орчин нөхцөл алга. Хүссэн үедээ Туулын хөвөө, Богд уулын хаяа бараадах боломж ч үгүй. Эндээс л амьдрах орчны хүртээмж, ялгаатай байдал тод томруун харагдаж байна.
Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд замын тэмдэглэгээнээс өөр зүйл байсангүй
Өчигдөр гэхэд “Рио тинто Монгол” ХХК нийслэлд дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар холбогдох байгууллагынхантай зөвшилцлөө. Үүнийг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тохижилт хийгээгүй, сул талбайд байгуулахаар төлөвлөжээ. Томоохон хөрөнгө оруулагч компани нийгмийн хариуцлагын хүрээнд ийм санаачилга гаргасан нь сайшаалтай. Бид талархан хүлээж авахаас аргагүй. Хотын дарга уг үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийхдээ Богдхан уулын Багатэнгэрийн аманд нийслэлээс тохижилт хийж байгаа талаар онцолжээ. Яагаад зөвхөн Богдхан уулын ам гэж. Чингэлтэй хайрхан, Сонгинохайрхан уул орчмыг тохижуулж, амралтын талбай байгуулж болно шүү дээ. УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан дүүрэг бүрт парк, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлагатай байгааг энэ үеэр дурдсан нь цагаа олов. Тодорхой байршлуудад олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газрын асуудлыг нь шийдээд буйг ч хэллээ. Амьдрах орчинтой холбоотой түмэн бэрхшээл тулгамдсан нийслэлд цэцэрлэгт хүрээлэн шиг хэрэгтэй зүйл үгүй. Гэхдээ хаана байгуулах вэ гэдгийг сайтар тооцоолж, төлөвлөх хэрэгтэй.
Улаанхуаран дахь “Cinema next” болон хотын төв дэх “Тэнгис” кинотеатрын гаднах орчны ялгаатай байдал
Амьдрах орчин гэдэг нь өргөн хүрээний ойлголт. Үүнийг сайжруулна гээд дан ганц цэцэрлэгт хүрээлэн байгуулаад болчихгүй. Чөлөөтэй зорчих зам, гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт, тоглоомын болон нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж, нийтийн тээврийн хүрэлцээ гээд маш олон зүйл үүнд хамаарна. Иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэдэг нь энэ бүхнийг хүртээмжтэйгээр, ижил тэгш хэмжээнд шийднэ гэсэн үг. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, автомашины зогсоолын тоо гэж ярьдаг нь иргэдэд хэр хүртээмжтэй вэ гэдгийг чухалчилж буй хэрэг. Манай хотод амьдрах орчны ийм тэнцвэрт байдал, тэгш хүртээмж хэдийн алдагджээ. Хотын төв болон захын хорооллын автобусны буудал, гэрэлтүүлэг нь хүртэл газар, тэнгэр шиг ялгаатай байх жишээтэй.
Нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр юу хийж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийнхнээс тодруулахад зөвшөөрөлгүй барьсан хашаа, гарааш буулгах, 13 байршилд явган хүний болон дугуйн зам тавих зэрэг өчнөөн ажлын нэр цохов. Харин хот тохижуулж, цэцэрлэгжүүлэхдээ хүртээмжийн асуудлыг хэрхэн авч үздэг, тухайлбал, ногоон байгууламжийн хэдэн хувь нь гэр хороололд байгааг асуухад “Тодруулаад эргэж холбогдъё” гээд таг чиг болов. Магадгүй тэд энэ тухай хэзээ ч бодож, тооцоолж байгаагүй болов уу. Тийм учраас л хотын захын гэр хороололд хүн амьдардаггүй юм шиг ялгавартай хандаж, төвийн хэсгүүдийг “тойглодог” байх.
Нисэхийн төв зам дагуух автобусны буудлууд тухтай, цэвэрхэн