Олон нийтийн сайн мэдэх “Google street view” дэх Улаанбаатар хотын мэдээлэл буюу гудамж, талбайн зураглалыг шинэчлэх “Google user street view” төслийг нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас хэрэгжүүлж буй. Нийслэлийн зураглалыг найман жилийн дараа шинэчлэхээр болсон нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын өнгө төрх нэлээд өөрчлөгдөж, байшин барилга ч олноор барьсан тул зураглалыг шинэчлэхээс өөр аргагүй болсныг дээрх газрынхан дурдсан. Тэгвэл 20 000 км замыг туулж, нийслэлийн есөн дүүргийн гудамж, зам, талбай, барилга байгууламжийн зураглалыг бүрэн авах автомашин өчигдөр замдаа гарлаа. “Барс моторс” компаниас гаргасан, Монголын анхны цахилгаан машин GERO-г уг ажилд ашиглаж буй аж. Энэ тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал бага учраас сонгосон гэнэ. Зураглалыг ийнхүү шинэчилснээр интернэт хэрэглэгчид Улаанбаатар хотын талаар үнэн зөв, бодит, сүүлийн үеийн мэдээллийг ойлгомжтой байдлаар хүлээн авах нь. Ялангуяа жуулчдад үнэн бодитой мэдээлэл өгөх боломж бүрдэх нь.
Бэлтгэсэн М.Оч