Галлагааны улирал, намрын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатарт гал түймрийн дуудлага нэмэгдсэнийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 27, аврах ажиллагааны найман дуудлага бүртгэгдсэн байна. Тэдгээр дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, түймрийн утаажилтын бүсээс 40 иргэнийг гарган, нийт 960 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан аж. Энэ он гарснаас хойш Улаанбаатарт ахуйн хүрээний 1392, ой, хээрийн таван түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.6 хувиар өссөн тоо гэнэ. Гал түймрийн дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсныг дээрх газраас мэдээлсэн. Тиймээс иргэд галын аюулгүй байдлыг тогтмол хангахыг анхаарууллаа. Тухайлбал, энэ сарын 3-нд нийслэлийн хэмжээнд дөрвөн газарт ахуйн хүрээний гал түймэр гарчээ. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд нэг айлын байшингийн дээвэр шатсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 11, 24 дүгээр хороонд гал гарч, айлын гэр, байшин өртжээ. Мөн галын улмаас нэг хүн нас барсан гэнэ. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд автомашин шатжээ.
Бэлтгэсэн М.Оч