Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонсов. Тайланг танилцуулсан ерөнхий аудитор Д.Занданбат төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн баримт бичиг, байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул байгааг дурдлаа. Мөн хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ үр нөлөөг үнэлээгүй, тодорхойгүй байгаа нь цаашдын шийдвэрт хүндрэл учруулахаар буйг хэлсэн юм. Түүнчлэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй нь “Халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогын үнэ цэнийг бууруулж байгааг танилцуулав. Мөн дээрх аудитын тайланг дэлгэрэнгүй танилцуулсан ерөнхий аудиторын аудит хариуцсан орлогч Я.Сарансүх эдгээр арга хэмжээний үр дүнд байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо ч тодорхойгүй байгааг дурдлаа.
Эдгээрт үндэслэн төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд 235.3 сая төгрөгийн төлбөрийн долоон акт, 851.1 сая төгрөгийн 41 албан шаардлага, 180 зөвлөмж өгчээ. Зөвлөмжийн биелэлтийг ирэх оны гуравдугаар сарын 1-ний өдөр ирүүлэхийг даалгасан аж. Тус хуралдаанаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмыг мөрдөхийг үүрэг болгов. Мөн салбар хоорондын уялдааг хангах замаар эрэлтэд нийцүүлэн мэргэжилтнийг бэлтгэх, МСҮТ-ийн оюутны дадлагыг ажил олгогчийг дагалдуулан суралцуулж, бэлтгэх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн түүхийг цахим платформд шилжүүлэх ажлыг ирэх онд багтаан хийх зэрэг чиглэлийг салбарын яаманд өглөө.
Бэлтгэсэн У.Наран