Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэх болон хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулганаас тодрууллаа.
-Цахилгааны шөнийн хөнгөлөлт хэзээнээс эхлэх вэ ?
-Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй. Нийслэл, 21 аймаг болон 10 мянгаас дээш хүн амтай сумын хэрэглэгчдэд шөнийн буюу 21-06 цагийн хооронд цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг. Уг хөнгөлөлт ирэх сарын 1-ээс дөрвөн сарын 1-ний хооронд хэрэгжинэ.
-Хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх үү?
-Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт нь тухайн айлын хүчдэлийн түвшнээс хамаараад харилцан адилгүй байдаг. Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В (вольт)-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд сарын 700 квт цаг буюу 87000 төгрөг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 квт цаг буюу 186 мянган төгрөг хөнгөлнө. Харин дээрх хэрэглээнээс хэтэрсэн тохиолдолд 50 хувь хөнгөлөхөөр “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх” журамд тодорхой заасан байдаг.
-Орон сууцад амьдардаг өрхөд хөнгөлөлт үзүүлэх үү?
- Агаарын бохирдолтой тэмцэх, бодлого чиглэлийн хүрээнд зөвхөн гэр хорооллын айл өрхүүд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Харин орон сууцад амьдардаг өрхөд тусгайлсан хөнгөлөлт үзүүлдэггүй.
-Цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эх үүсвэрийн дутагдалд орох магадлалтайг мэргэжилтнүүд хэлсэн. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Цахилгааны үнэ тарифыг олон жил тогтвортой барьсан. Үүнтэй төрийн зүгээс барьсантай холбоотойгоор эх үүсвэрийн дутагдалд орох магадлалтайг манай салбарынхан хэлж буй. Өөрөөр хэлбэл, хэрэглээ нь үйлдвэрлэлийн чадамжаас илүү гарсан учир эх үүсвэрийн дутагдалд орсон. Ойрын хугацаанд шинэ цахилгаан станц барих шаардлагатай. Цахилгаан станцыг хэдхэн жилийн дотор барина гэж байхгүй. Иймд эх үүсвэрийн дутагдлыг давж гарах олон улсын арга зам нь эрчим хүчний хэмнэлт байдаг. Тодорхой хэлбэл, хэрэглэгчид эрчим хүчний хэрэглээгээ зохистой болгож, хэмнэж чадвал энэ өвлийг өнтэй давахад аль аль талдаа ашиг тустай.