Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор гал түймэр болон угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэх зорилгоор “Тавантолгой түлш” компани, нийслэлийн Онцгой байдлын газраас өчигдөр мэдээлэл хийв. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж угаартах тохиолдол нэмэгдэж байгаа аж. Угаартсан гэсэн дуудлага ирүүлсэн айл өрхүүдэд өнгөрсөн долоо хоногт шалгалт хийхэд яндангаа хөөлөөгүй, зуухных нь битүүмжлэл алдагдсан нь цөөнгүй байжээ. Тиймээс яндангаа тогтмол хөөлж, зуух, пийшингийнхээ битүүмжлэлийг сайжруулах, мөн угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулах шаардлагатайг санууллаа. Үүнээс гадна хаясан тамхины иш, чүдэнз, ил задгай асгасан үнс, цахилгаан хэрэгслээ унтраалгүй орхисон зэргээс шалтгаалан гал түймэр дэгдэх нь нэмэгдсэн байна. Ялангуяа эцэг, эхчүүдийн эзгүйд (11.00-17.00), эсвэл шөнийн цагт гэр хороололд гал түймэр гарах нь нэмэгддэг аж. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байх, цахилгааны хэт ачаалал үүсгэн нэг залгуураас олон хэрэгсэл залгахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхаарууллаа.