Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай өнгөрсөн баасан гарагт уулзлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулах зэрэг байгууламж бүхий аж үйлдвэрийн парк хэлбэрээр 517 га талбайд үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж буй аж.
Хууль, эрх зүйн орчноо тодорхой болгох, Засгийн газраас тогтоол гаргах зэрэг шаардлага үүсэж байгаа талаар тус паркийн удирдлагууд сайд Д.Амарбаясгаланд танилцуулсан юм. Нийслэлд байрлах арьс, ширний үйлдвэрүүд шалтгаалж Туул голд сөргөөр нөлөөлж, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрх нь зөрчигдөж буй. Тиймээс тэдгээр үйлдвэрийг хотоос яаралтай гаргах, цогцолборын ажлыг эхлүүлэх шаардлага тулгараад байгааг хэллээ. Арьс, шир боловсруулах цогцолборыг Дархан-Уул аймагт барихтай уялдуулан судалгаа явуулахад үйлдвэрүүдийн төлөөллийн 63 хувь нь зөвшөөрөхгүй, тээвэр, ашиглалтын зардал нэмэгдэх учраас зам, дэд бүтэцтэй газар луу нүүх тухай саналаа илэрхийлжээ. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь хамгийн боломжит хувилбар гэж төслийн удирдлагууд үзэж байна.
Төрийн уялдаагүй, ойлгомжгүй, давхардуулсан шийдвэрүүд улс оронд нэн шаардлагатай асуудлуудад чөдөр тушаа болдог учраас нэгдсэн бодлогоор арьс, ширний цогцолборыг барьж, байгуулахаар ажиллах нь чухал гэдгийг сайд Д.Амарбаясгалан энэ үеэр онцлов. Улмаар төслийг эрх зүйн орчноор хангахын төлөө ажиллахаа илэрхийллээ. Мөн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийх нь зүйтэй гэв.