Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэстнүүдийн лиг”-ийн зарим тоглолт өнгөрсөн даваа гарагт боллоо.
УНГАРУУД ЭХНИЙ БАЙРАА АЛДАВ
Өмнөх тойрогт Германы багийг 1:0-ийн харьцаатай хожсон мажарууд энэ амжилтаа Италийн эсрэг давтахыг хүссэн нь гарцаагүй. Гэвч Р.Манчинигийн залуус тэдэнд ийм боломж олголгүй 2:0-ийн харьцаатай ялж, хэсгээ тэргүүлсэн бол өрсөлдөгч нь хоёрдугаар байрт шалгарав. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Лиг В-д тоглож байсан Унгарын баг энэ удаад Итали, Англи, Герман багтсан А лигийн “үхлийн хэсэг”-т орсон ч маш сайн тоглож, хөлбөмбөгийн хорхойтнуудыг гайхшируулав. Тэдний гайхалтай амжилтыг товч хураангуйлбал, нэгдүгээр тойрогт Английн багийг талбайдаа ялсан. Хоёрдугаар тойрогт Италид ганц гоолын зөрүүтэй хожигдсон бол гуравдугаар тойрогт Германтай тэнцсэн. Үүний дараа тэдний ялгуусан марш эхэлж, Английг 4:0, Германыг 1:0-ээр ялав. Ийнхүү тэд сүүлийн тойргийн өмнө хэсгээ тэргүүлж байсан ч өмнө дурдсанчлан “скуадра аззурра”-д ялагдан, дэд байрын эзэд боллоо.
ҮДЭЛТИЙН ШОУ
Хөлбөмбөгийн эх орны шигшээ баг энэ жилийн “Үндэстнүүдийн лиг”-т асар муу тоглов. Тэд зургаан тоглолтдоо нэг ч ялаагүй бөгөөд улмаар Лиг В рүү унаж байна. Германы эсрэг хэсгийн сүүлийн тоглолтын 70 дахь минутад 2:0-ээр хожигдож байсан тэднийг дахин ялагдах нь гэсэн бодол төрж байлаа. Гэвч энэ мөчөөс англичууд сэрж, таван минутын дотор хоёр гоол оруулан тоог тэнцүүлэв. Улмаар Х.Кэйн торгуулийн цохилтоор багтаа тэргүүлэл авчирсан ч хаалгач Н.Поупын алдааг ашиглан К.Хаверц тоог 3:3 болгож тэнцүүлсэн юм. Английн шигшээ баг сүүлийн 30 жилд анх удаа зургаан тоглолт дараалж ялаагүй байгаа бөгөөд эдгээр тоглолтод дөрвөн гоол оруулж, 10 гоол алдсан тааруу үзүүлэлттэй явна. Гэхдээ Г.Саутгэйт албан тушаалдаа үлдэж, багаа удирдан Катарыг зорих нь гарцаагүй.
ХВИЧ ЦООРОВ
Гүржийн шигшээ ангилал өгсөж тоглох эрхээ өмнөх тойрогт хангасан агаад тэрхүү амжилтаа энэ удаад Гибралтарыг 2:1-ээр ялж тэмдэглэв. Хамгийн гол нь 19 дэх минутад Х.Кварацхелия гоол оруулж, “Үндэстнүүдийн лиг”-ийн хүрээнд тав дахь оноогоо бүртгүүллээ. Ийнхүү тэрбээр В.Гутовский (Латви), А.Митрович (Серби) нарын хамт мэргэн буучийн жагсаалтын дэд байрт бичигдэх болов. Тэдний өмнө зургаан гоолтой Э.Хааланд (Норвег) бий.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар