Францын дээд лигт өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн хачирхалтай үйл явдал болов. “Анжер” багийн эсрэг тоглолтод “Ницца”-гийн хамгаалагч Жан-Клер Тодибо эсрэг багийн довтлогчийг хүчтэй өшиглөж унагажээ. Шүүгч тэр даруй түүнийг улаан хуудсаар шийтгэсэн байна. Хамгийн гол нь эл явдал тоглолт эхлээд дөнгөж есөн секунд өнгөрч байхад болжээ.
Шүүгч Б.Дешепи түүний алдаанд шар хуудас өгч болох байсан ч гоол оруулах боломжийг тасалдуулсан гэсэн нэмэлт шалтгаанаар хамгаалагчийг хөөсөн аж. Ийнхүү Ж.Тодибо Францын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн богино хугацаанд улаан хуудас авсан тоглогч болон “мөнхрөв”. Ташрамд дурдахад, уг статистикийг 2006-2007 оны улирлаас тооцож эхэлсэн юм.
“Ницца”-гийнхан хүн дутуугаар нэг цаг гаруй тоглосон агаад эсрэг багийн С.Буфаль хоёрдугаар хагаст хоёр дахь шар хуудас авч талбайг орхив. Ингэснээр хоёр баг тус бүр 10 тоглогчтойгоор хүч тэнцүү “үзэлцжээ”. Гэвч тухайн үед “Ницца” 1:0-ийн харьцаатай хожигдож байсан агаад тоглолт энэ дүнгээр өндөрлөсөн.
Сонирхуулахад, Ж.Тодибо “Ницца”-д хоёр улирал тоглож байгаа бөгөөд өнгөрсөн улиралд хашир туршлагатай бразил хамгаалагч Дантегийн хамтаар төвийн хамгаалалтын сайн хослолыг үүсгэж чадсан юм. Тийм ч учраас “Ницца” өнгөрсөн улиралд “Лиг 1”-т хамгийн найдвартай хамгаалалтын шугамтай багаар тодорсон. Тэд улирлын турш хамгийн цөөн буюу 36 гоол хаалгандаа алдсан юм. Ж.Тодибо өнгөрсөн улиралд ердөө зургаан шар хуудас авсан бол энэ улирлын эхний долоон тоглолтод нэг шар, хоёр улаан хуудас аваад байна. Эцэст нь өгүүлэхэд, түүний “дээд амжилт” зөвхөн Францын төдийгүй Европын бусад топ лигтэй харьцуулахад дээгүүрт орох юм.
•Английн Премьер лигийн дээд амжилтыг Г.Маколи эзэмшдэг. 2015 онд болсон “Манчестер сити”-гийн эсрэг тоглолтын 63 дахь секундэд “Вестбром”-ын тоглогч улаан хуудас авсан. Хачирхалтай нь, тэрбээр улаан хуудас авах ёсгүй байсан юм. К.Доусон эсрэг багийн У.Бони дээр алдаа гаргасан ч шүүгч Н.Суорбрик ойрхон байсан К.Маколид улаан хуудас андуурч (мөн дугаар нь ойролцоо буюу 23, 25) өгсөн гэдэг. Гэхдээ шүүгч дараа нь алдаагаа засаж, улаан хуудсыг К.Доусоны нэр дээр бичжээ.
•Испанийн Ла лигт “Валенси” багийн У.Гильямон “Хетафе”-гийн эсрэг тоглолтын 31 дэх секундэд “улаан” авч, талбайгаас хөөгдсөн. Энэ явдал 2021-2022 оны улирлын эхний тойрогт болсон юм.
•Германы Бундеслиг. 2017 онд “Айнтрахт” багийн хаалгач Л.Градецки 131 дэх секундэд торгуулийн талбайн гадна бөмбөгт гар хүрсэн бүдүүлэг алдааныхаа төлөө талбайг орхиж байв.
•Италийн Сери-А-гийн шүүгч нар улаан хуудсыг шуурхай өгдөг уламжлалтай аж. Тухайлбал, 1991 онд “Болонья”-гийн довтлогч Ж.Лоренцо 10 дахь секундэд улаан хуудас авч байв. Харин XXI зуунд “Аталанта”-гийн хагас хамгаалагч Ж.Мильяччо талбайд 32 секунд тоглоод улаан “жавтий” хүртсэн түүхтэй. Сонирхолтой нь, тухайн үед тэрбээр олон жил хүчин зүтгэсэн “Палермо” багийн эсрэг тоглож байлаа.
•“Аваргуудын лиг”-т энэ төрлийн дээд амжилтыг (хоёр минут, 39 секунд) “Шахтер” багийн А.Кучера эзэмшдэг. Тэрбээр улаан хуудас авснаас гадна ноцтой алдааныхаа улмаас эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэсэн юм. Украины баг уг тоглолтод Германы “Байерн”-д 0:7-гийн харьцаатай бут ниргүүлсэн.
Зөвхөн топ лигүүд гэлтгүй хөлбөмбөгийн түүхийг бүхэлд нь авч үзвэл хамгийн богино хугацаанд талбайгаас хөөгдсөн тоглогчоор “Кросс парк фарм селтик”-ийн Ли Тодд нэрлэгддэг. Тэрбээр ердөө хоёр дахь секундэд шүүгчийн эсрэг хараал хэлээд улаан хуудас авсан аж. Уг явдал 2000 онд сонирхогчдын ням гаргийн тоглолтын үеэр болсон юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар