Монголын говьд л тэсэж, шалгарч үлдсэн мазаалай хэмээх нэн ховор амьтны амьдрах орчныг сайжруулахын тулд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив, тусламж харамгүй үзүүлэх болжээ. Тухайн газар нутгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхан ч байгаль хамгааллын арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлсээр байгаа аж. Хамгийн сүүлд энэ сарын эхээр биотехникийн арга хэмжээ зохион байгуулж, байршил нутагт нь 5600 гаруй кг тэжээл тавьжээ. Герман, англи хэлний сургалттай “Дойче шуле” сургуулийн сурагчид өөрсдийн гараар даавуун тор оёж, борлуулан, олсон орлогынхоо дээжийг говийн баавгайг хамгаалах үйлсэд хандивласан аж. Мөн гурван аялагч мазаалайд зориулж, тэжээлийн сав хийлгэснийг хамгаалалтын захиргааныхан сайн дурын залуус, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор Шинэжинст сумын нутагт байршуулаад байна. Барри Жиггинс хэмээх австрали хүн говийн баавгайн нутаг дахь хоёр худгийг нарны өргүүртэй болгосон гэнэ. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийнхэн мөн тус нутаг дахь дөрвөн худагт нарны өргүүр суурилуулж, хөв байгуулахаар “Баялаг говь” компанитай хамтын ажиллагааны гэрээ үзэглэжээ. Мазаалайн нутагт хийсэн, хэрэгжүүлж буй, ажил хэрэг болгохоор төлөвлөсөн зүйлстэй холбоотой эдгээр мэдээллийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат хуваалцсан юм. Говийн цаг агаарын нөхцөл байдал, мазаалайн амьдрах орчны талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Мазаалайн нутагт байгаль, цаг уурын нөхцөл байдал өдгөө ямар байна вэ. Өнгөрсөн хавар, зун хур тунадас, ургамлын гарц хэр байв?
-Говийн их дархан цаазат газар нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутгийг хамардаг. Улсдаа хамгийн томд тооцогддог тусгай хамгаалалттай нутаг. Эдгээр сумын газар нутгийн 35-60 орчим хувь нь дархан цаазат бүсэд хамаарч буй. Нийт нутгийн хэмжээнд авч үзвэл энэ жил газрын гарц 60 орчим хувьтай, үлдсэн хэсэгт нь гандуу байлаа. Манай хамгаалалтын захиргаа 2018 оноос үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулж эхэлсэн. 2021 онд харьцангуй олон буюу дөрвөн удаа ийм арга хэмжээ авсан бол өнөө жил ганцхан удаа үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас орууллаа.
Шаргын хоолойгоос Эдрэнгийн нуруу хүртэлх нутагт газрын гарц онцгой сайн байлаа. Цагаан өвс (элсэн хялгана) 25-30 см орчим өндөр ургасан. Говийн ховор амьтад, тэр дундаа мазаалайн гол байршил болсон Сэгс цагаан богд, Атас, Ингэс хайрхан, Шар хулсны нуруу чиглэлд гандуу, түүнээс цаашаа буюу өвөр талдаа ургамлын гарц боломжийн, уулархаг хэсгээрээ маш тааруу ажиглагдаж байлаа. Азаар наймдугаар сарын сүүлчээр Сэгс цагаан богдод усархаг бороо орж, ган тайлсан. Энэ сарын эхээр тухайн нутагт очиход өвс, ургамал нь жигд ногоороод, өнгө зассан байсан. Харин Атас, Ингэс хайрхны ойролцоох нутгаар гандуу хэвээр харагдсан.
-Зуншлага хаана, ямар байсныг та бүхэн тодорхой мэдэх учраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй газруудыг ч баримжаалж буй болов уу?
-Баримжаа байлгүй яах вэ. Мазаалай арваннэгдүгээр сар гэхэд ичээндээ орчихсон байдаг. Тиймээс бид тэр хүртэл биотехникийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ сарын 4-10-нд эхнийхийг нь хэрэгжүүлж, 25 цэгт 5600 гаруй кг тэжээл тавилаа. Хоёр дахь арга хэмжээг ирэх сарын 1-нээс зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Бусад зэрлэг амьтны тухайд өвс, ургамлаа дагаад, Баруун шаргын хоолойгоос зүүн тийшээ буюу дархан цаазат газрын орчны бүс рүү шахаж орж ирэх шинжтэй. Үүнээс үүдээд бэлчээрийн давхцал үүсэж болзошгүй. Дархан цаазат газрын орчны бүсэд хамаардаг сумдад зуншлага тийм ч сайн байгаагүй. Тэгэхээр малчид мөн ургамлын гарцаа дагаад, хязгаарлалтын бүсэд түрж буух, олон мянган мал отроор өвөлжүүлэх магадлал өндөр. Үүнээс л эмээж байна. Цаг агаарын хувьд бол цас эрт орох тусмаа сайн. Ингэснээр зэрлэг амьтад зөвхөн ундаалах боломжтой газар, уст цэгүүдийг дагалгүй бэлчээрээ хөөж нутагладаг давуу талтай.
-Бэлчээр давхцах асуудал өнгөрсөн жилүүдэд ч үүссэн шүү дээ.
-Монголын говь нутагт сүүлийн тав, зургаан жил ган гачиг тохиолоо. Ялангуяа Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинстэд өвс, ногоо тааруу ургах болсон. Малчид 2018, 2019 онд Сэгс цагаан богдод нутаглах хүсэлт тавьсны дагуу цөөн айлыг отроор өвөлжүүлсэн. Энэ жил ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Санал тавьсан ч хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин Эдрэнгийн нуруу орчимд зуншлага харьцангуй сайн байсан учраас орчны бүсэд хамаардаг сумдын малчдыг цөөн тоогоор өвөлжүүлж магадгүй. Манай хамгаалалтын захиргаа ирэх сард малчидтай уулзалт зохион байгуулж, уг асуудлаар санал солилцох төлөвлөгөөтэй.
-Говийн баавгай Сэгс цагаан богд, Атас, Ингэс, Шар хулсны нуруу зэргээс гадна хаагуур нутаглаж байна вэ?
-Баруун тооройн болон Төмөртийн нуруунд мазаалай нутаглаж байна. Сонирхуулахад, Сэгс цагаан богд, Атас, Ингэс, Шар хулсны, Баруун тооройн, Төмөртийн нуруу нь дамнасан байдлаар үргэлжлэн оршдог онцлогтой.
-Мазаалайн тоо толгойтой холбоотой зөрүүтэй мэдээлэл их байдаг. Алтайн өвөр говьд яг одоо хэчнээн мазаалай нутаглаж буй бол?
-Судлаачид хамгийн анх 1967 онд мазаалайн тоо толгойг тогтоосон байдаг. Тухайн үед 10 гаруйхан л бодгаль байж. Харин 2013 онд олон улсын төслийнхөн судалгаа хийгээд, 25-30 орчим гэж тоолсон байдаг. 2018 оноос БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд, мөн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, профессор Р.Самъяа, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттогтох нар камер байршуулан судалгаа хийсний үр дүнд Монголын говьд 36 мазаалай байна гэж зарласан юм. Харин 2021 онд дээрх төс лийн хүрээнд Монгол, Хятадын хамтарсан баг генетикийн судалгаа хийхдээ 500 багц үсний дээж цуглуулж, шинжлээд, 52 бодгаль байгааг тогтоосон. Дараагийн судалгааны үр дүн 2023 онд гарна. Т.Одбаяр хэмээх доктор генетикийн судалгаа хийхээр говийн баавгайн үс, ялгадасны дээж цуглуулж эхлээд байна.
-Говийн мазаалай баавгайг хамгаалахад техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд ямар ажлууд хийж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Мазаалайн зан төрх, тархац нутгийг тандах зорилгоор 54 цэгт 124 камер суурилуулсан. Генетикийн мэдээлэлд тулгуурлан нийт бодгалийн тоог тодорхойлох судалгааг амжилттай хийлээ. Одоо мазаалайн амьдрах орчны загварчлалыг гаргахаар ажиллаж байна. Мөн ургамалжилтын судалгаа хийж буй. Түүнчлэн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай хийж байгаа.
Мазаалай бол Говийн их дархан цаазат газрын шүхэр зүйл. Түүнээс өөр амьтан энэ бүсэд өчнөөн бий. Тэдгээрийг хамгаалах, амьдрах орчныг нь сайжруулах ажлыг бид Лондоны амьтан судлалын нийгэмлэг зэрэг олон улсын байгууллага, үндэсний компаниуд, төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэг, оролцоотойгоор тогтмол хийж байна. Жишээлбэл, 2018 онд гаргасан долоон цооногоо бүгдийг нь нарны өргүүртэй болголоо. Мазаалай байрших боломжтой гурван газарт тэжээлийн сав шинээр тавилаа. Эхний цэгт нь хэдийн нутагшчихсан байна. Гаргасан уст цэгүүддээ камер байршуулж, ажиглалт явуулахад зэрлэг амьтан олноороо ундаалж байгаа нь харагддаг.
-Танай газар биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх санхүүжилтээ хэрхэн шийддэг вэ?
-Хавар, намрын улиралд ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Мазаалай бол гэрийн тэжээвэр амьтан биш. Тиймээс цаг үеийн нөхцөл байдал хүнд, гарцаагүй туслалцаа шаардлагатай үед идэш тэжээлийн дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, хавар ичээнээсээ гарах үед нь буюу гуравдугаар, мөн ичихээс нь өмнө ес, аравдугаар сард байршил нутагт нь ийм арга хэмжээ авдаг. Жилд дунджаар 20 орчим тонн тэжээлийг мазаалайд өгч байна. Үүний санхүүжилтийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ургамал хамгаалах зардлаас шийддэг. Мөн тэжээл худалдан авах, тээвэрлэх, цэгүүдэд байршуулах ажилд төрийн бус байгууллагынхныг аль болох идэвхтэй оролцуулахыг хичээдэг. Энэ нь мазаалай ямар нөхцөлд, хэрхэн амьдардгийг, байгаль хамгаалагчдын ажлыг олон нийтэд таниу лах зорилготой. Хамтарч ажиллая гэсэн саналыг бид нээлттэй хүлээж авдаг. Эко клубийн сурагчдыг чадавхжуулах чиглэлээр олон улсын байгууллагынхантай хамтран тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Ирэх сард Сэгс цагаан богдод “Цөлийн баавгай-2022” аялал зохион байгуулна. Эдгээрийн зорилго нь мөн л мазаалайг сурталчлан таниулах, хамгаалахтай холбоотой.
-Говийн их дархан цаазат газрын А хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд уул уурхайн 33 лиценз байдаг гэсэн. Эдгээрээс яг одоо үйл ажиллагаа явуулж, мазаалайн амьдрах орчинд аюул заналхийлэл учруулж байгаа нь хэд вэ?
-Дархан цаазат газрын дотоод бүсэд уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Хуулиараа хориотой. Харин гаднах буюу орчны бүсэд хамаарах таван сумын нутагт олон тооны лиценз бий. Үүний 22 нь хайгуулын, үлдсэн нь ашиглалтынх. Дархан цаазат газарт хамгийн ойр нь Баян-Өндөр сумын нутагт хайгуулын лицензтэй “Алтаргана”, “Эрдэнэ Монгол” хэмээх хоёр компани. “Алтаргана” нь дархан цаазат газрын амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний бүсэд хайгуулын талбайтай. Нөгөөх нь дархан цаазат газрын хилээс 40 орчим км-ийн зайд байрладаг. Эдгээр компани одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа, эсэх талаар тодорхой мэдээлэл алга.