“Ковид-19” цар тахал иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхим болон Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг зэрэг байгууллагынхан хамтран судалжээ. Дээрх байгууллагууд 2021 оны арваннэгдүгээр сараас өнгөрсөн нэгдүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд 21 аймаг, 333 сумаас 7919 хүнийг сонгон, судалгаанд хамруулсан байна. Ингэхдээ аймаг, дүүргүүдийн нарийн мэргэжлийн сэтгэцийн эмч нартай хамтран иргэдээс асуумж авах байдлаар судалгаа хийжээ. Үүнд хамрагдсан иргэдийн 60 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй, 39 хувь нь сэтгэл гутралтайг тогтоосон аж. Ялангуяа онцгой үед үүргээ гүйцэтгэж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд сэтгэл гутралын түвшин нь бусад хүнийхээс арай илүү буюу 40 хувьтай байж. Түүнчлэн коронавирусийн халдвар авсан хүмүүсийг өвчлөөгүй иргэдтэй харьцуулахад ядаргааны хам шинж 1.9, сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэг 1.4 дахин илүү байсан гэнэ. Цар тахлын дараах энэ мэт хүндрэл нь урт хугацаагаар үргэлжилж буй бөгөөд олон улсад “Long Covid” хэмээх нэршил ч бий болжээ.
Манай улсад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой нэгдсэн мэдээллийн сан байдаггүй. Тиймээс энэ чиглэлийн далайцтай судалгаа хийж, мэдээллийн сантай болох шаардлагатайг дээрх байгууллагуудын мэргэжилтнүүд онцоллоо. Ингэснээр иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхэд дөхөм болно гэв. Ташрамд дурдахад, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн салбарын сэтгэцийн эрүүл мэнд, донтолтын асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөхүүд энэ долоо хоногт манай улсад ирж, холбогдох байгууллагуудад зөвлөмж өгөх аж.
Бэлтгэсэн М.Оч