27 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадам ирэх аравдугаар сарын 5-14-нд болно. Өнөө жилийн наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино оролцохоор шалгарчээ. Тодруулбал, олон улсын тус наадмын “A window on Asian cinema” хэсэгт шалгаран, 40 орчим орны уран бүтээлчдийн 30 гаруй кинотой өрсөлдөх эрхээ авчээ. Бусаны наадам нь Азийн орнуудад зохион байгуулдаг олон улсын наадмууд дундаас хамгийн нэр хүндтэйд тооцогддог бөгөөд А зэрэглэлийнх юм. Тус наадмаар жил бүр 70 гаруй орны 200 орчим бүтээлийг сонгон шалгаруулж, 14 хэсэгт нэр дэвшүүлэн, шилдгийг тодруулдаг. Тэдгээрээс “A window on Asian cinema” хэсэг нь Азийн кино урлагийн салбарт өөрийн хэв маяг, онцлог бүтээлүүдээрээ цойлон гарч ирж буй найруулагч нар болон тэдний шилдэг бүтээлүүдийг олон нийтэд таниулдгаараа онцлогтой. Ташрамд дурдахад, “Худалдагч охин” кино өнгөрсөн гуравдугаар сард Японы Осака хотод Азийн олон улсын 17 дахь удаагийн кино наадамд гран при шагналын төлөө шилдэг 15 бүтээлтэй өрсөлдсөн. Уг киноны гол дүрд тоглосон Б.Баярцэцэг наадмын шилдэг эмэгтэй дү¬ рийн эзнээр шалгарч байв. Түүнчлэн АНУын Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг, Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой наадамд өнгөрсөн сард оролцож, шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн юм.
Бэлтгэсэн А.Тайшир