Суут сэтгэгч Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” бүтээлийг анх хэвлэснээс нь хойш 210 жилийн дараа монгол хэлнээ орчууллаа. Түүнчлэн уг бүтээлийг эх хэлнээ буулгасан 55 дахь орон нь Монгол болжээ. Хүн төрөлхтний ухамсарт, оюун санааны хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээгддэг эл бүтээлийг дипломатч, философийн ухааны доктор Ч.Даваадаш орчуулан, монгол хэлт уншигчдад хүргэж байна. Георг Вильгельм Фридрих Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” ном анх 1812 онд хэвлэгдсэн бөгөөд өдий хүртэл үнэ цэнээ алдаагүй сор бүтээлд тооцогддог билээ. Орчуулагч тус бүтээлийн гурван ботийн англи, орос эхийг нь 50 гаруй жил харьцуулан судалж, зарим зүйлийг герман эхээс нь шалган сийрүүлжээ. Харин орчуулж хэвлэхэд зургаан жил зарцуулсан аж. “Өнгөрөгч энэ олон арван жилд уг том бүтээлийг орчуулах гэсэн оролдлого гарсангүй. Цаашид ч, нэг их даруйдаа гаргах нь юу л бол. Ямартай ч энэ их үйлийн шанг татлаа” гэж орчуулагч дурджээ.