НҮБ-ын Хүүхдийн сан манай улсын сургууль, цэцэрлэгүүдэд дотоод орчны агаарын бохирдлын судалгаа хийгээд аюултай түвшинд байгааг тогтоосон. Судалгааныхаа үр дүнг олон нийт, эрүүл мэнд, боловсролын салбарын холбогдох байгууллагынханд мэдээлж, агаарын чанарыг сайжруулах чиглэлд анхаарахыг зөвлөсөн билээ. Тэгвэл тус олон улсын байгууллагынхан сургууль, цэцэрлэгүүдэд дотоод орчны бохирдлыг хэмжих аппарат суурилуулахаар болжээ. Эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд ийм төхөөрөмж байршуулахаар холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ.
Дээрх сан дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, үүнээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллаж байгаа аж. Талууд үүнийхээ хүрээнд хэмжигч төхөөрөмж суурилуулах, агаарын бохирдлыг хянах загварчлал хөгжүүлэх, нарийн ширхэгт тоосонцрын химийн нэгдлийг судлах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн Н.Буян