,
БОАЖЯ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд анхаарч буй. Нэн түрүүнд Богдхан уулын дархан цаазат газрын доройтсон хэсгүүдийг нөхөн сэргээж, мод тарихаар төлөвлөсөн. Үүний дагуу “Агро форест”, “Эбээ” зэрэг ойн мэргэжлийн компани холбогдох байгууллагынхантай хамтран ажиллаж, дархан цаазтай уулын амуудад мод, бут тарьж эхэлсэн. Тэгвэл ойжуулалтын ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулахаар товлосон дараагийн газар нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар аж. Тус яамнаас аялал жуулчлалын гол бүс нутагт мод тарихаар 30 га газрыг чөлөөлж, бэлтгэсэн байна. Тухайн газарт мод, бут тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Байгаль орчны мэдээллийн төвийн 117 тусгай дугаарын утсаар хүлээж авах гэнэ.