Ам.долларын ханш болон АНУ-ын бондын өгөөж өссөнтэй холбоотойгоор алтны үнэ өчигдөр хямдарсан тухай “Reuters” дамжуулав. Мөн тус улсын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ энэ сард болох уулзалтаараа дахин өсгөнө гэсэн хүлээлт үүссэн нь шар металлын үнэд нөлөөлж байгааг шинжээчид дурджээ. Түүнчлэн уг таваарын хоёр дахь томоохон хэрэглэгч болох Энэтхэгийн алтны импорт өнгөрсөн наймдугаар сард өмнөх жилийн мөн үеийнхээс буурсан үзүүлэлт гарчээ. Улмаар унци алтны спот ханш өчигдөр 0.3 хувиар буурснаар 1696.3 ам.доллартой тэнцлээ. Мөн фььючерс ханш нь дээрхтэй адил хувиар хямдарч 1708 “ногоон”-той дүйв. Ташрамд дурдахад, энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс алтны экспортоос 514 сая ам.долларын орлого олсон дүн бий. Энэ сарын 1-ний байдлаар манай улсын алтны экспортын гүйцэтгэл 62.3 хувьтай байгааг УУХҮЯ-наас мэдээлсэн юм.
Бэлтгэсэн Б.Сонор