Гэрийн тэжээвэр амьтдад ээлтэй, энэрэнгүй нийгмийг цогцлоох зорилгоор 2013 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн “Азтай савар” төрийн бус байгууллагынхан ирэх бямба гарагт “Үрчлэх өдөр” арга хэмжээ зохион байгуулах нь. Өдөрлөгийн зорилго нь амьтдыг хэрхэн зөв, хариуцлагатай тэжээх тухай ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээх, муур, нохой үрчлэх соёлыг сурталчлан таниулах аж. Тус байгууллагын идэвхтэн гишүүд өөрсдийн аварсан муур, нохойгоо энэ үеэр танилцуулж, асран хамгаалж, тэжээх хүсэлтэй хүмүүстэй гэрээ байгуулан үрчлүүлэх нь.
Энэ арга хэмжээ “Топ моторс” компанийн гаднах талбайд болох юм байна. Зохион байгуулагчдын танилцуулснаар бол амьтан тэжээх талаар анхан шатны мэдлэг олгох сургалт явуулах, “азтай савар”-тай болсон түүхээ хуваалцах, муур, нохойнуудыг танилцуулах, хөгжөөнт тэмцээн зохиох, үрчлэх гэрээ байгуулах гэсэн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа үргэлжлэх гэнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлээд буй Амьтны эрх хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулж, “Азтай савар”-ын үйл ажиллагааг дэмжигчдээс хандив цуглуулахаар төлөвлөжээ.