Улс: Шотланд
Дасгалжуулагч: Жованни ван Бронкхорст
Шотландын хоёр супер багийн нэг “Аваргуудын лиг”-т эргэн иртлээ урт удаан замыг тууллаа. Тэд хамгийн сүүлд 2010-11 оны улиралд эл тэмцээний хэсгийн шатанд шалгарч, МЮ, “Валенси”, “Бурсаспор” багтай таарч тоглож байв. Удалгүй “Рейнжерс”-ийн хар дарсан өдрүүд эхлэн дампуурч, доод лиг рүү унасан юм. Гэвч тэрхүү таагүй үеийг тэд туулан гараад олон жилийн эцэст дотоодын лигтээ аваргалсан төдийгүй өнгөрсөн улиралд Европа лигийн финалд шалгарав. “Рейнжерс” энэ жилийн “Аваргуудын лиг”-т тоглох эрхийг сонгон шалгаруулах шатанд Бельгийн “Унион”, Нидерландын ПСВ багийг ялснаар олж авсан билээ. Гэхдээ тэд “Аякс”, “Ливерпуль”, “Наполи” гэсэн “хатуу самартай” таараад байна. Энэ гурван багийн аль нэгийг, эсвэл хоёрыг нь ялж чадвал тэдний хувьд хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан онцгой үйл явдалд тооцогдоно. Тус багаас онцлох зүйл бол дасгалжуулагч. 2018 онд тус багийг С.Жеррард удирдаж байсан бол 2021 оноос өөр нэг домогт тоглогч Жованни ван Бронкхорст дасгалжуулж буй юм.
Улс: Чех
Дасгалжуулагч: Михал Билек
Хамгийн азтай бөгөөд хамгийн азгүй баг. Чехийн баг “үхлийн хэсэг”-т орсон агаад “Байерн”, “Барселона”, “Интер”-ийн хувьд хялбархан гурван оноо болж хувирна. Харин нөгөө талаас авч үзвэл Чехэд дэлхийн хөлбөмбөгийн гурван супер баг ирэх агаад аль нэгтэй нь тэнцэж, бүр хожиж чадвал “Виктория Плзень” супер дуулиан дэгдээх нь гарцаагүй. Ташрамд дурдахад, тус багийн тоглогчдын нийт үнэлгээ энэ жилийн “Аваргуудын лиг”-т тоглож буй багуудын дотор сүүлээсээ хоёрт бичигдэж байна. Түүнчлэн Чехийн багийн өдий хүртэл гаргасан хүчин чармайлтыг үнэлэхгүй байж болохгүй. Тэд сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатнаас “аяллаа” эхлүүлж, ХИК, “Шериф”, “Карабах” багийг ялсан юм.
Улс: Бельги
Дасгалжуулагч: Карл Хуфкенс
Тус баг сүүлийн жилүүдэд Европын цомын хамгийн чухал тэмцээнд “дасаад” буй. Тодруулбал, тэд энэ жил тав дахь улиралдаа дараалан “Аваргуудын лиг”-т тоглоно. Хэсэгтээ хамгийн сул багуудын нэгд тооцогддог ч тэд заримдаа цоорч Европа лигийн эрх авах “дуртай” билээ. “Рейнжерс” шиг хэцүү хэсэгт ороогүй ч “Порту”, “Атлетико”, “Байер” гэсэн амаргүй өрсөлдөгчтэй Бельгийн баг тоглоно.
Улс: Дани
Дасгалжуулагч: Йесс Торуп
Хамгийн хямдхан бүрэлдэхүүнтэй тус баг хамгийн баян багтай нэг хэсэгт таараад байна. “Манчестер сити”-гийн тоглогчдын нийт үнэ 1.04 тэрбум евро бол “Копенгаген”-ых ердөө 70.5 сая буюу 15 дахин бага юм. Данийн даруухан баг хэсгийнхээ гуравдугаар байрын төлөө баяр хөөртэй өрсөлдөж болох ч үүний төлөө “Севилья”, “Борусси Дортмунд”-ыг ялах ёстой.
Улс: Хорват
Дасгалжуулагч: Анте Чачич
“Будё-Глимт”, “Шкупи”, “Лудогорец” гэсэн жараахайнуудыг ялж гарч ирсэн тус баг “Аваргуудын лиг”-т мөн л “эвгүй” хэсэгт багтсан. “Милан”, “Челси” гэсэн хоёр фаворитаас гадна шуугианы эзэн болж магадгүй “Ред Булл Зальцбург” тэдний хэсэгт бий. Ташрамд, Австрийн баг энэ удаагийн “Аваргуудын лиг”-ийн хамгийн залуу баг бөгөөд үзүүштэй тоглолтоороо хөгжөөн дэмжигчдээ баярлуулж буйг сануулъя.
Улс: Израил
Дасгалжуулагч: Барак Бахар
Энэ жилийн “Аваргуудын лиг”-ийн хамгийн даруухан баг. Учир нь “Маккаби” түүхэндээ гурав дахь удаагаа тус тэмцээнд шалгарч буй бөгөөд 13 жилийн өмнө оролцохдоо хэсгийн бүх тоглолтдоо ялагдсан. Багийн бүрэлдэхүүний нийт үнэ 21.7 сая евро буюу тус тэмцээний хамгийн “хямд” баг. Хамгийн үнэтэй тоглогч нь хэдхэн өдрийн өмнө гурван сая еврогоор худалдаж авсан 30 настай хамгаалагч А.Сек. Гэхдээ тэд “Олимпиакос”, “Аполлон”, “Црвена звезда” гэсэн өөрсдөөсөө том багийг ялж, эрхээ авсныг мартаж болохгүй. Тэдний учраа болох ПСЖ, “Ювентус”, “Бенфика” тэдэнд дээр дурдсан багууд шиг хялбар боорцог байхгүй нь ойлгомжтой.