Хүрээлэн буй орчин, экологийн боловсрол түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сараана” сан Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт “Гүн галуут” байгаль хамгааллын төв байгуулаад буй. Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, биологийн олон янз байдалтай танилцах, шувуу ажиглах зэрэг танин мэдэхүйн аяллыг хөгжүүлэх зорилготой тус төвийнхөн Монгол орны шувуудын зүйлийн жагсаалтыг нэгээр нэмжээ. Тодруулбал, мэргэжилтнүүд тухайн бүсэд жигүүртний тооллого, судалгаа хийх явцдаа урт сүүлт хайлгана (long tailed skua) хэмээх шинэ зүйлийн шувуу илрүүлж, бүртгэсэн байна. Энэ зүйлийн жигүүртэн Орос, Аляска, Канадад түгээмэл тархсан байдаг ба үржлийнхээ үед Арктикийг зорьж, ихэнхдээ Атлантын болон Номхон далайн өмнөд хэсэгт өвөлждөг гэнэ. Манай улсын нутаг дэвсгэрээс анх удаа илрүүлсэн урт сүүлт хайлганын хувьд үржлийн бус залуу шувуу байсан бөгөөд нүүдлийнхээ замаас хазайж Монголд ирсэн хэрмэл зүйл болохыг судлаачид тогтоожээ.