Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ энэ сарын 26-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлагад есөн тамирчин өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдээс хэрэглэлтэй пауэрлифтингийн суултын 63 кг-ын жинд Б.Батхишиг 157 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв. Тэрбээр уг төрөлд залуучуудын ангилалд дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин боллоо. Эрэгтэйчүүдээс М.Ууганбаяр 66 кг-д хэвтээ шахалтын төрөлд 147.5 кг-ыг шахаж, хүрэл медалийн эзэн болсон байна. Өсвөр үеийнхний ангилалд 66 кг-д Ц.Баярбаясгалант штангтай суултад (202.5 кг) хүрэл, газраас таталт (200 кг)-д мөнгөн медаль зүүжээ. Тэмцээн ирэх сарын 4 хүртэл үргэлжилнэ.