2008 оны олимпын наадамд түрүүлсэн АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн тухай баримтат киног “Netflix” Олон улсын олимпын хороо (ОУОХ)-той хамтран бүтээхээр болжээ. Аравдугаар сарын 7-нд тус платформоор дамжуулан үзэгчдэд хүргэх уг кино нь ОУОХ-ны хувьд зөвхөн стрийминг чиглэлээр бүтээсэн анхны уран бүтээл нь болох юм. Энэхүү бүтээлд 2004 оны Афины олимпоос АНУ-ын сагсан бөмбөгийн баг хүрэл медаль хүртсэний дараа Бээжинд түрүүлэхийн төлөө ямар хичээл зүтгэл гаргасан тухай өгүүлэх нь. Ингэхдээ тэмцээний өмнөх, дундах, дараах үеийн, олон нийтэд ил болоогүй ховор бичлэг, Л.Жэймс, Д.Уэйд, К.Пол, дасгалжуулагч М.Крзижевски нартай хийсэн шинэ ярилцлагыг багтааж буй юм.
Киноны найруулагчаар Ж.Вэйбах, продюсероор Л.Жэймс, Д.Уэйд, Г.Гроггел, Д.де Мендозаар нар ажиллана. “Тус кино нь спортын хамгийн том тайзан дээр, сагсан бөмбөгийн спортод ноёрхлоо эргүүлэн авахын төлөө нэгдсэн супер одуудын онцгой баг, тэдний зан чанарыг тодруулан харуулах замаар үзэгчдийг “Мөрөөдлийн баг” болон Бээжингийн олимпын нэгэн хэсэг болгох юм” гэж “Olympic сhannel services”-ийн ерөнхий менежер М.Паркман ярьжээ. Бээжингээс алтан медаль хүртсэн “Re¬deem team” багт К.Брайант, Л.Жэймс, Д.Уэйд, К.Энтони, Д.Ховард, К.Бош, Ж.Кидд, К.Бузер, Д.Уильямс, М.Редд, Т.Принс, К.Пол нар багтаж байсан юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар