Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хоолны соёлыг сурталчлах зорилготой “UB food festival” арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Тэгвэл энэ долоо хоногт үүнтэй төстэй бас нэг үйл ажиллагаа болох нь. Аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааны чиглэлээр ажилладаг “Сити ад лемон” хэмээх компани ирэх баасан, бямба гарагт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Lemon spice” арга хэмжээ зохион байгуулахаар товложээ. Энэ нь монгол үндэсний болон олон улсын хоолны соёлыг нийтэд түгээх, сурталчлах, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд цаашид уламжлал болгох төлөвлөгөөтэй гэнэ. Өчигдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж, байгууллага үүнд оролцохоор бүртгүүлээд байв.