Хөгжиж буй орнуудын эмэгтэй судлаачдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг ЮНЕСКО-гоос зарлажээ. 50 000 хүртэлх ам.долларын тэтгэлэг олгодог энэхүү хөтөлбөрийг Канадын Олон улсын хөгжлийн судалгааны төвөөс санхүүжүүлдэг байна. Үүнд оролцохыг хүссэн эрдэмтэд сүүлийн 10 жилийн хугацаанд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай. Мөн өдгөө эрдэм шинжилгээний байгууллагад ажилладаг байх гэсэн шалгуур тавьжээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь эмэгтэй эрдэмтдийг олон улсын түвшинд судалгаагаа үргэлжлүүлэн хийхэд нь дэмжлэг үзүүлэх аж. Үүнд оролцохыг хүссэн залуу эмэгтэй судлаачид ирэх сарын 19-ний дотор хүсэлтээ цахимаар гаргах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг owsd.net цахим хуудаснаас авч болох нь.