Говийн унаган төрх, байгалийн өвөрмөц тогтцыг сурталчлах зорилготой “Алтан элс, элсэн манхны баяр-2022” арга хэмжээ Өмнөговь аймгийн Сэврэй сумд өнөөдөр эхлэх нь. Тус аймгийн ЗДТГ, БОАЖГ, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй эл арга хэмжээ Монгол Улсын есөн гайхамшгийн нэгт тооцогддог, Хонгорын элсний оргил хэсэг болох Дуут манхны хормойд гурван өдөр үргэлжлэх юм. Энэ үеэр элсний волейбол, холын зайн гүйлт, олс таталт, сүмо бөхийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн автомашин, мотоциклын уралдаан, яруу найргийн үдэшлэг, хөгжмийн наадам зэргийг хөтөлбөртөө багтаасан байна. Өмнөговьчууд уг арга хэмжээг цаашид уламжлал болгож, дотоодын жуулчдыг татах зорилт дэвшүүлжээ.