ГССҮТ Өмнөд Солонгосын “U nine change” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын үзлэг, оношилгоо, эмчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулаад буй. Талууд үүний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран “Хан-Мон фестиваль” арга хэмжээг энэ сарын 20-нд Жуковын талбайд зохион байгуулахаар болжээ. Тухайн өдөр монгол, солонгос эмч нар 09.00-19.00 цагийн хооронд үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд зөвхөн 0-16 насны түлэгдэлттэй хүүхдүүдэд ийм боломж олгох нь. Үүнд хамрагдахын тулд урьдчилж цаг авах шаардлагагүй гэнэ. Түлэнхийн төвөөс хамгийн түрүүнд ирсэн 100 хүүхдэд дугаар тарааж, дарааллын дагуу үзлэгт хамруулах юм байна. Мөн энэ үеэр “Хямдралын цаг” нэртэй яармаг худалдаа, солонгос үндэсний хоол, тоглоом сурталчлах өдөрлөг, кофены сурталчилгаа болох аж. Тус арга хэмжээнээс олсон орлогыг түлэгдэлттэй хүүхдүүдийн эмчилгээнд 100 хувь зарцуулна.