"Усан парк" барьж буй "Эм энд жи констракш" ХХК-г МХЕГ-аас шалгаж, хэд хэдэн зөрчил илрүүлэн, үйл ажиллагааг нь зогсоосон. Гэвч тухайн компани зөрчлөө бүрэн арилгасан тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй талаар албаныхан мэдээллээ. Энэ талаар МХЕГ-аас дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,
"Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны "Төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" 01/51 дүгээр удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах "Эм энд жи констракшн" ХХК, "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" ХХК-ийн 4 блок, 25 давхар бүхий орон сууцны барилгад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар магадлал хийж батлагдсан ажлын зураг төсөлгүй, тухайлсан объектын тусгай зөвшөөрөлгүй, барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, өргөх механизмын ашиглах зөвшөөрөл аваагүй зөрчил тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
1. Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн "Эм энд жи констракшн" ХХК-ийн ногоон байгууламж, усан парк, спорт цогцолбор болон 25 давхар орон сууцны барилгын ажлын үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоох тухай” 04 дүгээр тогтоолыг гаргуулсан. Уг тогтоолыг “Эм энд жи констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан, “Мөнх тэнгэр хөх тэнгис групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхболд нарт танилцуулж хүлээлгэн өгсөн.
2. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий албан тушаалтны даалгавраар тухайн барилгын ажлын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоож, 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, шийтгэлийн арга хэмжээг авч ажилласан.
3. “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-тай хамтран барилгын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хязгаарласан.
4. Тус барилгад өргөх механизмын ашиглах зөвшөөрөл аваагүй тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилгын угсралтын ажилд ашиглаж байсан 4 краныг зогсоосон.
5. Барилгын үйл ажиллагааг түр зогсоох эрх бүхий албан тушаалтны даалгаврын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийн үр дагаврыг албадан арилгуулах хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
6. Тус хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгаврын хэрэгжилтийг хангуулж, зөрчлийн үр дагаврыг албадан арилгуулах тухай” шийдвэрийг гаргаж, 243 дугаартай албадан гүйцэтгэх хуудас, 4784 дугаар шийдвэрийн хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна.
7. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хуулийн хэрэгжилтийн хангуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/1241 тоот албан бичиг хүргүүлсэн.
8. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/1682 тоот тодруулга авах тухай албан бичигт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07/1469 тоот албан бичгээр авсан арга хэмжээний талаар болон цаашид барилга угсралтын үйл ажиллагааг хууль, норм ба дүрэмд нийцүүлэх, хэрэгжилтийг хангуулж ажиллах нь зүйтэй талаар хариуг хүргүүлсэн.
Зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын биелэлт:
“Мөнх тэнгэр хөх тэнгис групп” ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/85 тоот Эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үүрэг даалгаврын биелэлтэд үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтаар:
1. "Эм энд жи констракшн" ХХК-ийн захиалгаар ХУД 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах /25 давхар/ Үйлчилгээтэй орон сууцны барилгын зургийн даалгаврын талаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1076/2022 дугаартай дүгнэлтээр Барилгын хөгжлийн төв баталгаажуулан магадлал хийсэн байна.
2. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч “МОГҮМБ” констракшн ХХК нарын хооронд гэрээ байгуулж, БХБЯ-наас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зураг төсөл зохиогч болох “МОГҮМБ” констракшн ХХК-д тухайлсан объектын тусгай зөвшөөрөл олгосон байна.
3. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бүти” ХХК нарын хооронд гэрээ байгуулж, БХБЯ-наас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барилгын ажил гүйцэтгэгч болох “БҮТИ” ХХК-д тухайлсан объектын тусгай зөвшөөрөл олгосон байна.
4. Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгад олгосон байна. Иймд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 111 тоот албан бичиг, дээрх байдлыг үндэслэн Эм энд Жи Констракшн ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгад суурилуулсан 4 цамхагт кран, цахилгаан шугам сүлжээний байдалд гүйцэтгэлийн шалгалт хийхэд холбогдох дүрэм, журмын шаардлага хангуулж байсан тул цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээсэн болно" гэв.