Бүх ард түмний спортын XV наадмын хүрээн дэх байт харвааны тэмцээн маргаашаас эхлэх гэнэ. Үүнд 20 багийн буюу байгууллагын 120 тамирчин оролцоно. Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан гэсэн таван дүүргийн, орон нутгаас Увс, Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Завхан аймгийнхан цэц мэргэнээ сорих нь. Эрэгтэй, эмэгтэй багууд ганцаарчилсан, холимог, багийн гэсэн гурван төрөлд өрсөлдөх юм байна. Тэмцээнийг олимпын дүрмээр явуулдаг аж. Холимог багийнхыг Токиогийнхоос эхэлж олимпын төрөлд багтаасан. Тиймээс энэ удаа тамирчид уг төрөлд анхлан цэц сорих тул сонирхолтой байх нь гарцаагүй. Тэмцээн энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Монголын байт харвааны болон Пауэрлифтингийн холбоо тодорхой шалтгааны улмаас ирэх есдүгээр сард явуулах байсан тэмцээнээ наашлуулсан нь энэ аж.