Хорватын нийслэл Загреб хотод зохион байгуулсан “Их дуулга” тэмцээнд 69 улсын эрэгтэй 288, эмэгтэй 215 жүдоч зодоглож байна. Манай бөхчүүдээс эхний өдөр -66 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн Б.Нармандах шигшээд Молдавын Денис Вьерутэй учраа таарсан. Түүнд өнгөрсөн сард эх орондоо болсон “Улаанбаатар 2022”-т ялагдсан ч энэ удаа даагаа нэхэж, нэмэлт цагт хожив. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Румыний Лусиан Борс Думитрескуд ялагдан, медалийн төлөөх барилдаанд Болгарын Янислав Герчевийг буулган авч, “Их дуулга”-аас анх удаа хүрэл медаль гардлаа. Тэгвэл эмэгтэйчүүдээс -57 кг-д М.Ичинхорлоо II тойрогт олимп, дэлхийн аварга, Бразилын Рафаэла Сильва, шигшээд Косовогийн Флака Локсаг буулган авч, хагас шигшээд Кубын Арнаес Оделин Гарсияд ялагдсан юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө Словений Кажа Кажзертэй хүч сорин ялж, мөн л шагналын тавцанд зогслоо.